Импортын цементийн татварыг бууруулах шийдвэр 7 үйлдвэрийн үйл ажиллагааг доголдуулж үйлдвэрлэлийн салбарын 3,000 гаруй ажилтан, ханган нийлүүлэгч компанийн 10,000 гаруй ажилтны цалин, хангамжид сөргөөр нөлөөлөхөөр байна.
Монгол улсад өнөөдрийн байдлаар нийт 7 цементийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр үйлдвэрүүд жилд нийт 4.5 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа юм.
Харин дотоодын цементийн хэрэглээ жилийн 1.8 сая тонн байгаа бөгөөд Монголын цементийн үйлдвэрлэл хэрэглээнээсээ 2.5 дахин их байна. Энэ нөхцөлд ЗГ импортын тариф бууруулах шийдвэр гаргаж байгаа нь үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа шууд доголдох нөхцөл байдлыг бүрдүүллээ.
Үүний нөлөөг дахиад л үндэсний үйлдвэрлэгчид үүрэхээр болж байна. Мөн барилгын салбарт чанар муутай хятад цемент орж ирснээр чанаргүй бүтээн байгуулалт хийгдэх үүд хаалга нээгдлээ.
Учир нь БНХАУ-ын барилгын салбар уналттай байгаа энэ үед үйлдвэрүүдэд хэдэн сараар хадгалагдаж чанараа алдсан хятад цемент Монголын барилгын салбарыг уналтад оруулахаар болж байна. Үр дүнд нь чанар муутай барилга байгууламж бий болж, үндэсний үйлдвэрлэгчид хүнд дарамтад орохоор боллоо.
Уг нь үйлдвэрлэгчид тээвэр логистикийн асуудал үнэд хамгийн ихээр нөлөөлж байгааг сануулж төр засгаасаа дэмжлэг, шийдэл хүсдэг ч ЗГ импортын татварыг бууруулахаар шийдэж үйлдвэрлэгчдээ түлхэх шийдвэр гаргажээ.
Эх сурвалж-GoGo.mn