| Д.Дагвадорж: Гундана гэж юу байхав |
| Thursday, 11 March 2010 | ||||||||
|
С.Болд-Эрдэнэ
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан тул үзэхийн тулд Javascript-ийг идэвхжүүлэх хэрэгтэй.
Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлсан нь том шуугиан тарьсан. Зодог тайлснаа мэдэгдсэнээс хойш хэвлэлийнхнээс зайгаа барьж амарч явсан Их аварга маань өчигдөр эх орондоо ирсэн юм. Өглөөний 12.00 цагт Чингис хаан олон улсын буудалд буугаад Баянгол зочид буудалд хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Түүнийг аав Долгорсүрэн, ах дүү нар нь угтсан юм.Анх удаагаа хэвлэлийнхний өмнө ийн дэлгэрэнгүй ярьсан болохоор хэвлэлийн бага хурал гэхээсээ илүүтэй сэтгүүлчидтэй хийсэн энгийн уулзалт гэж болохоор байв. Өргөн босоо захтай хар торгон дээл өмссөн Их аваргын царайнаас эрх чөлөө, амар амгалан харагдаж байсан гэхэд болох байх. Ярилцлагын дундуур байн байн инээн хөгжилдөж, басхүү санаа алдаж суусан юм. Түүнтэй хамт Монгол улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, дэлхийн аварга П.Сэрдамба болон ах Д.Сэржбүдээ, бусад албаны хүмүүс ирсэн байв. Мөн Японы хэвлэл мэдээллийн байгууллагынхан ч ирсэн байв. “NHK”, “Асахи” телевиз гээд олон телевиз сонингийнхон ирсэн нь Асашёорюү одоо ч Японы хэвлэлийнхний бай хэвээр байгааг илтгэнэ. Их аварга сэтгүүлчдийн өмнө анх удаа илэн далангүй ярьсан болохоор Монголын төдийгүй Японы сэтгүүлчдэд том “бэлэг” болсон биз. Хэвлэлийн бага хурал эхлэхээс өмнө “Өнөөдөр” сониноос жил болгоны Сар шинийн баяраар тодруулдаг оны есөн алдартны өргөмжлөлийг гардуулах ёслол болсон юм. “Монгол ньюс” группын ерөнхий захирал, “Өнөөдөр сонины ерөнхий эрхлэгч Б.Нандинтүшиг Их аваргад есөн алдартных нь өргөмжлөлийг гардуулсан. Ингээд ёслол дууссаны дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан аваргын яриаг хүргэе. Харин хэвлэлийн хурлаас өмнө Их аваргыг Японы сэтгүүлчдийн асуултад хариулахгүй гэдгийг бие төлөөлөгч нь хэлж байв. -Аварга аа сайн явж ирэв үү? -Сайн явж ирлээ. Сайн сууцгааж байв уу? -Нутгаа их санав уу? Эх орондоо ирээд сэтгэгдэл ямар байна? -Өө саналгүй яахав. Нутгаа их саналаа. Би чинь Монгол гэж байнга аман дээрээ гаргаж байдаг эх орондоо хайртай хүн. 25 дахь түрүүгээ аваад зодгоо тайлаад цус нэгт ахан дүүсдээ очихыг тэсэн ядан хүлээж ирлээ. Зодог тайлсан ч түүнтэй холбоотой ажил мундахгүй их байдаг юм байна. Гэхдээ л сэтгэл маань яаран яаран ирлээ. -2009 оны нэгдүгээр сарын башёд түрүүлээд “NHK” телевизэд ярилцлага өгөхдөө монгол хэлээр “Тэнгэрт тэтгэгдсэн Их Монголын ард түмэн та бүхэндээ баярлалаа. Аварга нь та бүхнийгээ олон удаа баярлуулахын төлөө улам их хичээх болно” гэж байсан. Энэ үг ганцхан сумод зориулагдсан үг биш байх. Та цаашдаа эх орныхоо төлөө юу хийнэ гэсэн бодолтой байна вэ? -Тийм ээ, олон түрүү авлаа, түүхэнд гуравт бичигдлээ. Түрүү болгон маань баяр баясгалантай, бас омогшилтой, ээнэгшилтэй, нүдэндээ нулимстай янз бүр л байлаа. Хэзээ нэгэн цагт монгол хүн монгол хэлээрээ Монголын ард түмэнтэйгээ мэндчилнэ дээ гэж боддог байлаа. Тийм боломж тухайн үед таарч унаган хэлээрээ Монголын ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж байлаа. Одоо эргээд бодоход маш сайхан дурсамж байна. Өөрийн эрхгүй сайхан омогшил төрж байлаа. -Аварга таныг сумог дэлхийд таниулахад их нөлөөлсөн гэж болно. Гэхдээ 25 дахь түрүүгээ авсны дараа элдэв хэл ам сэтгэлзүйн хувьд хүчтэй цохилт болсон байх. Танд зодог тайлах шийдвэр гаргахад хэр хүнд байв? -Байнга л асуудлын бай, үзэгний чичлүүр явдаг хүн шүү дээ. Тэр утгаараа даваад гарна даа гэсэн бодол байсан. Давж гарахаасаа илүү давж гаргуулахгүй гэсэн талаасаа хөөцөлдсөн хүмүүс их байгаа. Гэхдээ яах вэ, сумогоо больчихлоо гээд гуниглаад байх юм алга. Чадлынхаа хэрээр сайхан амжилт гаргалаа. Японы үндэсний спортыг дэлхий нийтэд гаргахын тулд өөрийн оруулсан хувь нэмэр тодорхой хэмжээгээр байгаа гэж боддог. Мөн дэлхий нийтэд амьдарч байгаа монголчууддаа Монгол гэдэг омогшлыг энэ биенийхээ хэрээр төрүүлж өгсөн болов уу гэж бодож, өөрөөрөө жаахан ч гэсэн бахархаж явдаг юм. Өнөөдөр олимпийн аваргууд, дүү нар, найзууд маань намайг хүндлээд ирсэнд сайхан байна. Монголын төдийгүй дэлхийн сор болсон энэ сайхан монгол ах дүү нартаа, аваргууддаа баярлалаа гэж хэлмээр байна. -Японы хэвлэлээр дамжуулж тодорхой мэдээллийг авсан. Гэхдээ та өөрийнхөө биеэр хариулахгүй юу. Таны зодог тайлах болсон үндсэн шалтгаан юу байсан бэ? Мөн одоо та юу хийх вэ? Улс төрд орно, бизнес хийнэ гэсэн яриа их байна? -Үнэнийг хэлэхэд хэвлэл мэдээллээр гарч байсан хүний хамар хугалсан, цохисон гэсэн зүйл үнэхээр байхгүй. Яахав ам зөрсөн тал бий. Үүнийг тунгааж, бодох газраа асуудлыг хурдан шийдчихэв үү дээ гэсэн бодол төрж байсан. Хувь хүнд чинь бас тодорхой хэмжээгээр хор шар байна. Гэхдээ ингэж байх шаардлага байна уу даа гэж ч бодож байлаа. Шийдвэрийг би өөрөө гаргасан. Тэрэндээ сэтгэл санаагаар гундсан зүйл алга, тайван байна. Та бүхэн мэдэж байгаа Японы сонин сэтгүүлээр Их аварга цаашид яах вэ гээд сонин сонин зүйл их гарч байгаа л даа. Наад зах нь зодоонч болно ч гэж байх шиг. Бүр бизнес хийж, улс төрд орно гээд олон юм ярьж байна. Өнөөдөр би 29 настай, миний хоёр дахь амьдрал эхэлж байна. Сумогийн ертөнцөөс өөр амьдрал руу орж байгаа учраас үнэндээ биеэ дайчилж, улс орондоо хэрэгтэй зүйлүүдийг сэтгэлдээ шингээж, сурч мэдэж, цаашдаа Монгол улсыг, монгол хүнийг хөгжүүлэхэд нэмэр болж, өөрөө ч бас боловсорч, ирээдүйдээ амьдралыг сайн сайхнаар харж явна гэсэн бодолтой байна. Түүнээс биш тэгнэ ингэнэ гээд шийдчихсэн зүйл одоо алга байна. -Сүүлийн үед таныг дахиж хуримлана гэсэн яриа гараад байгаа. Энэ тал дээр? -Хүмүүн биенээс гажууд зүйл хийж байгаа хэрэг биш юм л даа. Та бид бүгд нэг л адил махтай, цустай, ястай. Одоохондоо тэгж хурим найр хийнэ гэсэн асуудал байхгүй ээ. Хоёр хүүхдээ их санаж ирлээ. Их ч том болж. Одоо хоёр хүүхдээ л баярлуулна даа. -Таны зодог тайлсан нь Монгол, Японоор зогсохгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд таныг өмөөрсөн, таны талд мэдээлэл цацаж байсан. Япончууд амжилтыг нь эвдэх гээд байгаа гадны бөхийг ингэж дарамтад оруулах байсан юм бол яах гэж сумодоо гадаадынхныг оруулсан юм гэх мэтээр. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ? -Янз янзын асуудлууд их гарч ирнэ. Би сумогийн холбооны харьяалалтай бөх хүн учраас барилдаж байхдаа хамаагүй юм яриад байх нөхцөл байдаггүй. Ний нуугүй хэлэхэд дэг журам хатуу юм аа. Тодорхой хэмжээгээр түүнийг хамгаалж явахгүй бол болохгүй. Ёкозуна хүн учраас тэр. Нөгөө талаараа түүнд нь дэндүү баригдана гэхэд хаашаа юм. Ерөнхийдөө Асашёорюү гэдэг хүн чинь ямарваа нэг юмны сонирхол, сенсааци, үйл хөдлөл болгон нь сонин сэтгүүлийн хамгийн их зарагдаж байдаг кадрууд шүү дээ. Тэр утгаараа миний зан араншин, дээр нь барилдаж байгаа барилдааны өөрийгөө ирлэж байгаа байдлууд маань хүмүүст их содон бөгөөд сайхан сонин мэдрэмжүүд төрүүлж л байсан. -Та төрөхүүдэд очиж, шинэ төрсөн хүүхдүүдэд бэлэг өгнө гэсэн. Өнөөдөр манай төрөх эмнэлгүүд их хүнд байгааг та мэдэж л байгаа байх? -Иргэн хүний хувьд ярих юм бол эх оронд маань олон асуудал байна. Гадна талаас нь харахад эмзэг эмзэг асуудал их харагддаг юм. Монгол хүн эрэгтэй хүүхэд төрөх юм бол бөх болоорой гэж ерөөж бэлгэшээдэг. Тэр утгаараа өнөөдөр төрсөн Монголын нялх үрсдээ өөрийнхөө гарын бэлгээ гардуулъя гэж сангийнхантайгаа ярьсан юм. -Та үндэсний бөхөөр барилдах уу? Барилдаасай, амжилтад хүрээсэй гэсэн олон хүн байгаа? -/Инээв/ Үндэсний бөхөөр барилдаж явсан хүн шүү дээ би. Одоо яахав, үнэхээр барилдъя гэсэн хорхой байвч барилдахгүй дээ. -Та энэ башёд түрүүлнэ гэсэн бол тэр башёдоо түрүүлдэг байсан. Таныг хэтэрхий эрт зодог тайллаа гэх хүн олон байгаа. Ер нь та зодог тайлаагүй байсан бол цаашид хэд түрүүлэх байсан бол? Өөрийнхөө бололцоог мэдэж байгаа юм чинь танд бас нэг бодол хадгалагдаж, гомдол болон үлдэж байгаа байх? -Хүн гэдэг чинь мөнхийн робот биш шүү дээ. Бие сэтгэл болон биеийн тэнхээ суларч ирнэ. Яах аргагүй амьдралын бичигдээгүй хууль. Ер нь жил ирэх тусам бөхчүүд маань чангарч, миний биеийн чадал бууна. Гэхдээ сэтгэлийн чадал биеийн чадлаас илүү чухал байдаг. За яах вэ одоо больчихоод амжилтыг нь эвдэнэ гэх мэтээр яриад яахав. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг. Гэхдээ миний хувьд одоо 29 настай, цаашаа 32 хүртлээ барилдахад ямар ч байсан 30-аас дээш түрүү авчих байсан байх гэж боддог юм. Яагаад гэхээр бэлтгэлийн арга барил, бие организм бол тэр хэмжээний түрүү авчих хэмжээнд байгаа. Дээрээс нь сумо үздэг Японы ард түмэн, дэлхий нийтийн сонирхогчдын горьдлогод найдаж байсан л даа. -Монгол бөхчүүд таны амжилтыг эвдэж чадах болов уу? Таны хамгийн итгэл тавьж байгаа монгол бөх хэн бэ? -Одоо ерөөсөө эвдээсэй л гэж хүсч байна даа. Арслан Бямбадоржийг л сайн барилдаасай гэж бодож байна. Аварга Даваажаргал маань тэртээ тэргүй 10 гаруй түрүүлчихсэн, өөрийнхөө байр суурийг олчихсон. Одоо Бямбадоржийгоо л сайн барилдаасай гэж хүсч байгаа. Захисан, хэлсэн зүйл бий. Тэр хүүхэд чадах байх аа. -Та нэлээд хавчигдаж байсан. Үлдсэн монгол бөхчүүддээ юу гэж захив. Мэдээж энэ хүнд байдлыг даван гарахад таны сэтгэл зүйн байдал тэр бөхчүүдийг хурцалж байсан байх? -Ер нь тэр хэвлэл мэдээллээр гарч байгаа дайралтыг нийт япончуудтай адилтгаж үзэж болохгүй. Тодорхой хэмжээгээр бизнес хийж байгаа хүмүүс бий. Миний нэрээр гарчигласан ном, сонин сэтгүүл нь зарагддаг ч юм уу. Түүнээс биш тэнд намайг дэмжиж байгаа сая сая фенүүд минь. Дүү нартаа хэлэхэд миний явж ирсэн амьдрал маань тэр чигтээ том сургаал, хичээл ном болж байгаа. Барилдаж байгаа бөхчүүдэд олон юм яриад яахав гээд сайн барилдаарай гэж захисан. Тэгж байгаад нэг өдөр очиж бэлтгэлийг нь үзнэ. Аварга, ах хүний хувьд барилдааны талаарх янз янзын тактикууд, бие сэтгэлийн дэм тэр бүхнийг хэлж, өөрт байгаа бүх л сэтгэлээ дүү нартаа захиж, зориулж явна. Ер нь ч тэгж явж ирсэн л дээ. -Одоо та бэлтгэл сургуулилт хийж байгаа юу? Хэзээ буцах вэ? -Мэдээж барилдааны бэлтгэл бол хийгээгүй. Гэхдээ биеэ сэргээх дасгалыг бол орхиогүй. Цаашдаа жингээ хасна. Олимпийн аваргуудтайгаа хамт бэлтгэлээ хийнэ дээ. Би гуравдугаар 18-нд Япон руу буцна. Буцаж байгаа гол шалтгаан маань зодог тайлах ёслолдоо бэлтгэх юм. Зодог тайлах ёслолыг маань нэлээд өргөн хэмжээнд зохион байгуулна. Миний сүүлчийн ёсолгоог хүсэн хүлээж байгаа фенүүд олон байна. Зар сурталчилгааны ажил ч их бий. Тиймээс яаруу буцаж байна. Гэвч удахгүй буцаад ирнэ. -Таны эзгүйд Такасаго дэвжээг одоо хэн ахалж байгаа вэ? -Асасекирюү Б.Дашням маань дэвжээг ахалж байгаа. Наашаа ирэхийн өмнө уулзсан. Асасекирюү бол Японд хамтдаа хөл тавьж байсан сайн анд минь билээ. Б.Дашнямдаа найдаж, барилдааныг нь харж байгаа. -Сумогийн хүчтэй өрсөлдөгч хэн байсан бэ? -Цаг цагийн өрсөлдөгч нар байлаа. Хамгийн хүчтэй эвгүй өрсөлдөгч гэвэл анх аварга болоод барилдаж байхад Точиазүма байлаа. Дараа нь Монголын хоёр бөх маань гол өрсөлдөгч болсон. Тэр хоёр маань сумог аваад явах байх. Ер нь өрсөлдөгч гэж сэтгэлийн хат шүү дээ. -М.Даваажаргал таныг зодог тайлах үед чинь нулимс унагаж байсан бичлэг сайтуудаар тавигдсан. Та түүнтэй зодог тайлснаасаа хойш уулзсан уу? -Даваа аварга маань надтай надгүй аварга болоод явж байгаа хүн. Миний сургаал барилдааны тал дээр хэлж ярих юм байлгүй яахав. Би тэр бичлэгийг үзсэн. Юм бодож байгаа юм байна даа гэж дотроо бодсон. Дүүдээ цааш цаашдаа Монгол улсынхаа нэрийг, Монгол улсынхаа нэрийг шүү дахин дахин өргөж яваарай гэж хэлмээр байна. -Таныг Дэлхийн санхүүгийн төвийн үйл ажиллагаатай танилцаж байна гэсэн. Мөн Америкт амьдрах тухай ч ярьж байна. Та Монголдоо амьдарна биз дээ? -Амьдралгүй яах вэ. Газар дэлхий уужим хийх ажил их байна гэж мундаг хүн хэлсэн байдаг шүү дээ. Газар үзье нүд тайлъя, дэлхийн санхүүгийн төв ямархуу байдаг юм бэ тэрийг нүдээр үзье л гэж бодсон юм. Шалтгаан нь тэр. -Багш тань танд хэлж захисан үг бий байх? -Нэг дэвжээн дээр, нэг байранд байж, бэлтгэл хийж хатуу ширүүнийг хамтдаа туулсан. Энэ бүх хугацаанд засч залруулж, хэлж зааж явсан багшдаа их талархаж явдаг. Багш шавийн барилдлага гэж мундаг зүйл бий. Тийм учраас хэчнээн их асуудал гаргадаг шавь ч гэсэн багш маань надад их хайртай байсан. Би үргэлж бурхан шиг багшдаа баярлаж явдаг юм гэдгээ энэ ташрамд дамжуулж “хайртай шүү” гэж хэлмээр байна. Ийнхүү их аваргын сэтгүүлчидтэй хийсэн уулзалт өндөрлөсөн юм. Эх орондоо, цус нэгт ахан дүүстэйгээ байна гэсэн шиг элдэв асуултаас бултаж, булзааруулалгүй үнэн сэтгэлээсээ ярилцсан. Их аварга маань ямар хээгүй хүн болохыг япончууд төдийгүй дэлхий нийтэд харуулсан болов уу. Их аваргыг дагалдан хэвлэлийн хуралд олимпийн аварга Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт тамирчин П.Сэрдамба нар ахдаа сайн сайхан амьдралыг хүсье хэмээн сэтгэлийн үгээ ч хэлсэн. Үүний дараа аварга “Таны төлөө бид” эмнэлэгт очиж хорвоод мэндэлсэн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан. Энэ үеэр нэгэн хүүд өөрийнхөө нэрийг хайрласан юм. Уншсан: 761
|
||||||||


.jpg)

Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлсан нь том шуугиан тарьсан. Зодог тайлснаа мэдэгдсэнээс хойш хэвлэлийнхнээс зайгаа барьж амарч явсан Их аварга маань өчигдөр эх орондоо ирсэн юм. Өглөөний 12.00 цагт Чингис хаан олон улсын буудалд буугаад Баянгол зочид буудалд хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Түүнийг аав Долгорсүрэн, ах дүү нар нь угтсан юм.
Сэтгэгдэл бичих