| Дуу ард түмний жаргал, зовлонг хуваалцдаг |
| Thursday, 11 March 2010 | |||||||||
|
Б.Ариунзаяа
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан тул үзэхийн тулд Javascript-ийг идэвхжүүлэх хэрэгтэй.
Манайд сүүлийн үед сонгодог урлаг эрчимтэй хөгжиж байгаа. Үүний илрэл нь сонгодог гэх тодотголтой хамтлаг олноор төрж, тэр хэмжээгээр тоглолтууд зохион байгуулагдах болсон. Иймд энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа саяхан тоглолтоо хийсэн “Voice” хамтлагийн ахлагч С.Баттулгыг урилаа.-”Voice” хамтлаг хэрхэн байгуулагдаж байв? Хамтлагаа товчхон танилцуулаач? -Манай хамтлаг хоёр жилийн өмнө байгуулагдсан. Бид бүгд мэргэжлийн дуурийн дуучид. Бид гурав өмнө нь тус тусдаа уран бүтээл туурвиж байсан ч гэсэн уран бүтээлийн сайхан найзууд байлаа. Нэг өдөр мэргэжлийн дуучдын хамтлаг байгуулах хэрэгтэй юм байна гэж ярилцаад хамтлагаа байгуулсан. Манай эмэгтэй дуучинг Д.Отгонжаргал гэдэг. Улсын Филармонийн гоцлол дуучин. Харин А.Эрдэнэжаргал маань Дуурь бүжгийн эрдмийн театрт дуучнаар ажилладаг. -Саяхан болж өнгөрсөн тоглолтынхоо тухай сонирхуулаач. Үзэгчид хэрхэн хүлээж авав? -Сайн дуулсан, зохион байгуулсан эсэхийг үзэгчид л хэлэх байх. Гэхдээ бидний хувьд анхны тоглолт гэхэд маш амжилттай болсон гэж бодож байгаа. Яагаад гэвэл тоглолт дуусахад үзэгчид босож байгаад халуун алга ташилтаа харамгүй хайрласан. Энэ амжилттай сайн боллоо гэсэн үнэлгээ. Үзэгчдийн маань алга ташилт бидэнд маш их урам зориг өгсөн шүү. -Опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг байх аа? -Тиймээ. Хүмүүс дуурийг зөвхөн театрт байдаг юм шиг ойлгодог. Үгүй шүү дээ. Опера чиглэл бол сонгодог урлагийг өнөөгийн залуучуудад ойлгуулах нэг хэлбэр. Тийм болохоор энэ чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. -Опера чиглэлийн дуунууд гэхээр дандаа гадаад дуунууд байдаг. Поп опера чиглэлээр уран бүтээл хийдэг “Ньюанс” хамтлагийн дуунууд гэхэд л бараг ихэнх нь гадаад дуунууд? -Опера гэхээр гадаад дуунууд байдаг гэж ойлгож болохгүй. Монгол дуу ч гэсэн байх ёстой. Сая бид тоглолт дээрээ Монголын хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын зохиосон опера чиглэлийн дуунуудыг дуулсан. Маш сайхан хүлээж авсан. Мэдээж гадаад дуунууд дуулагдсан. Гэхдээ бид тэр чигээр нь хуулж дуулаагүй. Бас рок опера чиглэлийн дуу дуулагдсан. Ер нь яагаад энэ чиглэлээр уран бүтээл хийгээд байна вэ гэвэл ямар ч урсгал жанраар дуулах боломжтой гэдгээ л харуулах гэсэн юм. -Рок опера гэж өмнө нь манайд сонсогдож байгаагүй урсгал байна даа? -Тийм шүү. Энэ чиглэлээр өмнө нь уран бүтээл хийж байгаагүй. Гэхдээ үүнийг айхтар хүнд рок гэж ойлгож болохгүй. Хэн ч сонсохуйц зөөлөн рокыг дуурьтай холбосон хэлбэр. Өөрөөр хэлбэл хөгжим нь рок чиглэлийн цэвэр амьд хөгжим. Харин дуулалт нь мэргэжлийнх. -Тоглолтын тасалбарыг дагалдаж дараагийн тоглолтын танилцуулга ирсэн гэж дуулсан? Энэ бас сонин шийдэл шүү. Нэг сумаар хоёр туулай буудаад..? -Ирэх долдугаар сарын долоонд тоглогдох тоглолтын танилцуулга л даа. Бид энэ тоглолтоороо өөрсдийнхөө ур чадварыг харуулах том хэмжээний тоглолт хийхээр төлөвлөөд байгаа. Танилцуулга нь тэр тоглолтыг 50 хувь хөнгөлөлттэй үнээр үзэх эрхийн бичиг болно. -Таны хувьд хэдэн оноос уран бүтээлээ туурвиж эхлэв? -1999 оноос эхэлсэн. Оюутан байхдаа л найрал дуучнаас гараагаа эхэлсэн. Үүнээс хойш 11 жил урлагийн тогоонд чанагдаж байна. 2005 онд гэр бүлийн радио 104.5-д хөтлөгчөөр ажиллаж байлаа. Харин дараа жилээс нь Улсын Филармонид гоцлол дуучнаар ажиллаж эхэлсэн дээ. -Таныг дуурийн дуучин гэх үү эсвэл нийтийн дууны дуучин гэх үү? Учир нь та дууриас гадна нийтийн дуу дуулдаг шүү дээ? -Зарим хүмүүс намайг нийтийн дуучин гэж хэлдэг юм. Гэхдээ би өөрийгөө мэргэжлийн дуучин гэж хэлмээр байна. Саяхан гэхэд миний дуулсан “Ингэн туулиас” гэдэг дуу “Морин хуур” наадамд мэргэжлийн дууны төрөлд тэргүүн байр эзэлсэн. Манай Филармоний “Морин хуур” чуулгын удирдаач Түвшинсайханы зохиосон дуу л даа. -Та хуучны нэлээд хэдэн дууг сэргээж дуулсан. Магадгүй энэ утгаараа таныг нийтийн дуучин гэж нэрлээд байгаа байх? -Би ингэж боддог л доо. Болсон болоогүй шинэ дуу гаргаж байхаар ард түмэнд хүрсэн, ард түмэн сонсох дуртай дуунуудыг сэргээж дуулбал илүү дээр байх болов уу гэж. Өнөөдөр дэлхий дээр өдөрт хэдэн шинэ дуу төрж байна вэ. Монголд бараг түүнээс ч их байх шүү. Би шинэ дуу олон гарлаа гэж шүүмжилж байгаа юм биш. Шал дэмий мөнгө төгрөг, цаг хугацаа алдаж байхаар цагийн эрхээр магтагдсан ард түмэн эргэн санах ёстой дуунуудыг дуулбал илүү их соёлын хөрөнгө оруулалт болох байх. Надад шинэ дуунууд нэлээд хэд бий л дээ. Гэхдээ би нэг их радио, телевизэд дуунуудаа өгөөд байдаггүй. -Дуучин хүн болгон өөрийн гэсэн онцлогтой байхыг илүүд үздэг. Таны хувьд? -Би өөрийнхөөрөө байх дуртай. Ард түмэнд таалагдах гэж уран бүтээл хийдэггүй. Бас нэгэн хэвийн уран бүтээл хийх дургүй. Болж өгвөл олон төрөл жанраар дуулахыг боддог. Манай найзууд миний гурван өөр төрлийн уран бүтээлийг сонсчихоод энэ нь чи байна, харин энэ чи биш байна гээд надтай маргаж гар хүртэл барьдаг. -Таныг би хуучны дуунуудыг сэргээж дуулдаг нь миний онцлог гэж хариулах болов уу гэж бодож байлаа? -Зарим хүмүүс үүнд шүүмжлэлтэй ханддаг л даа. Гэхдээ би цаашид хуучны сайхан дуунуудаа дуулах болно. Яагаад гэвэл ард түмэнд хүрсэн дуунууд тэдний жаргал зовлонг үргэлж хуваалцаж байдаг. Тийм болохоор бодож, төлөвлөж байгаа дуунууд бий. Бас цаашдаа өөрийн гэсэн уран бүтээлийн цомог гаргана гэж бодож байгаа. Би чинь урлагт арваад жил зүтгэхдээ ганц ч цомог гаргаж байгаагүй хүн. Сая хүртэл над руу нэг хүн утасдаад таны дуунуудыг сонсох гэхээр олдохгүй юм гэсэн. Бараг гурван ч удаа утасдаж байна. -Радиод ажиллаж байсан гэлээ. Манай уран бүтээлчид өөрсдийн дуугаа хит болгохын тулд радиод мөнгө төлдөг гэдэг. Тогоонд байсан хүн энэ талаар ямар бодолтой явдаг вэ? -Нэг хэсэг аймаар байсан шүү. Мөнгөтэй хүн л нэрд гарч, хөл дээрээ зогсдог. Хоолойн чадал муу ч гэсэн, сайхан хоолойтой, чадвартай хүн уран бүтээлчдээс илүү үнэлэгддэг байлаа. Сүүлийн үед гайгүй болж байна. Уншсан: 558
|
|||||||||


.jpg)

Манайд сүүлийн үед сонгодог урлаг эрчимтэй хөгжиж байгаа. Үүний илрэл нь сонгодог гэх тодотголтой хамтлаг олноор төрж, тэр хэмжээгээр тоглолтууд зохион байгуулагдах болсон. Иймд энэ удаагийн “Уран бүтээлч” буландаа саяхан тоглолтоо хийсэн “Voice” хамтлагийн ахлагч С.Баттулгыг урилаа.
Сэтгэгдэл (1)