Захиалга
Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг. Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063 Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.
Улаанбаатар Таймс
| S | M | T | W | T | F | S |
| | 1 | 2 | 3 | 4 |
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | |
SVTechie ESL
|
|
|
|
Өөрийгөө өөд татсан хүнд сонгодог урлаг үйлчилдэг |
|
Thursday, 11 March 2010 |
Д.Гэрэлт  УДБЭТ-ын ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар “Богема”, “Сарьсан багваахай”, “Увидаст лимбэ” зэрэг томоохон дууриудыг найруулан тавьсан. Мөн хэд хэдэн сайхан дуутай бөгөөд удахгүй цомгоо гаргах гэж байгаа аж. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Хэдийгээр та найруулагч ч гэлээ сонгодог урлагийн талаар яриагаа эхлэе гэж бодлоо. Ер нь дуурийн урлагийг яаж үзэх ёстой юм, бас үзэгч нь ямар түвшинд байх ёстой вэ. Тэр тусмаа манай Монголын үзэгчид дуурийг ямар түвшинд үздэг вэ? -Энэ тал дээр үзэгчдэдээ хандаад маш ойлгомжтой энгийн хариулъя л даа. Дуурийн урлаг анхнаасаа л дээдсийн хүрээнд хөгжиж ирсэн. Энэ утгаар дээдсүүдийн өөрсдийнх нь биеэ авч явах байдал маш өндөр түвшинд байсан. Соёл иргэншлийн хувьд ч нийгмийн манлайлагчид байсан. Тиймээс тэр хүмүүсийн дунд болж байгаа төрх байдал яваандаа нийт ард түмэн хийгээд дэлхий нийтийн дунд болж хувирсан гэж хэлж болно. 1990-ээд онд сонгодог урлагийг зөвхөн дээдсүүд үзэх ёстой мэтээр ойлгож тэр болгон хүмүүс дуурийг зорьдоггүй байсан. Цаг дээрээ тэр дээдсүүд нь хаана ч байгаа юм гээд л бөөн маргаан болдог байлаа шүү дээ. Гэтэл эцсийн эцэст дээдэс гэдэг маань хүмүүс өөрсдөө л байхгүй юу. Хүн өөрийгөө яаж үнэлж, дээр нь тухайн хүний боловсрол оюуны потенциал ямар байна, бас зан төлөвшил, нийгэмд өөрийгөө зөв авч явах чадвар ямар байна вэ гэдгээс шалтгаалж дээдэс болох үгүйгээ шийднэ. Тийм учраас сонгодог урлаг бүх хүмүүст зэрэг үйлчлэх боломжтой. Өөрийгөө үнэлж, бүр тодруулбал өөрийгөө өөд нь татаж яваа хүн бүрд үйлчилдэг хуультай. Харин өөрийгөө торддоггүй, оюуны залхууралд орсон хүнийг сонгодог урлаг хүлээж авдаггүй. Энэ үүднээс дуурийн театрт сонгодог урлагийг ойлгодог хүн л ирдэг. Тэгээд ирэх бүрдээ ёс суртахуун, гоо зүйн тал дээр төлөвшиж байдаг юм. Тийм учраас театрт тодорхой хэмжээгээр өөрийгөө бэлдсэн хүн ирдэг гэж хэлж болно. Наад зах нь үзэх гэж байгаа бүтээлийнхээ түүхийг мэддэггүй юмаа гэхэд мэдэрч чаддаг, ямар зиндааны хүн төрөлхтний бүтээсэн бүтээл вэ гэдгийг үнэлж чаддаг хүмүүс театрт ирдэг. Энэ ч утгаар сонгодог урлаг үзэгчийн хойноос хөөцөлдөж рекламдаад байдаг урлаг биш, хүмүүст оюуны хөрөнгө оруулалт хийдэг урлаг юм. Тийм учраас үзэгчид нэгдүгээрт сонгодог урлагийн талаар ойлголттой хоёрдугаарт тухайн үзэж таашаал авах гэж байгаа дуурийнхаа талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Эхний удаа ирэхдээ тэр ойлголтоо гүнзгийрүүлж хоёр дахь удаагаа өөр шинэ юм олж хардаг болно. Хөгжим, тайз, дуучдын ур чадвар гээд бүх насаараа ирж үзсэн ч сонгодог урлагийн гайхамшиг хараад дуусч дундрахгүй. Бид ч ялгаагүй өнөөдрийнхөө бүтээлээс маргааш шинэ зүйл олж хардаг. Ийм үнэ цэнэтэй урлаг шүү дээ. -Сонгодог урлагийг үзэх хүмүүс өөрийгөө бэлтгэж ирэх ёстой гэж ярилаа. Тэгвэл сүүлийн үед дуурийг залуучууд их үздэг болсон. Энэ нь залуучуудын мэдлэг боловсрол дээшилж байна гэсэн үг үү? -Мэдлэг боловсролоос гадна мэдрэмжийг их өгдөг. Өнөөдөр хүн хүссэн бүх талын мэдээллээ маш хурдан олж авч байгаа. Өмнө нь мэдээллийг сард, жилд, бүр зохион байгуулалттайгаар авдаг байлаа шүү дээ. Тэгээд тэр мэдээлэл дотроосоо мэдрэмж аваад энд ирээд харьцуулж үзэхэд үнэхээр тэр хүний авсан мэдээлэл сонгодог урлагаас амьдаараа харагддаг. Харин тухайн орныхоо хөгжлөөс шалтгаалаад дуучдын дуулах цар хүрээ, хоолойн чадвар өөр өөр байна. Тэр бүхнийг харьцуулж өнөөдөр манай дуурийн урлагийг залуучууд нэлээд сонирхдог болсон нь үнэхээр бахархууштай. Үзэгчдийг тодорхойлно гэвэл олон жилийн туршид процесс явагдана. Өнөө, маргааш, энэ жилийн үзэгчид ямар байна гэх биш, арван жилийн өмнө ямар байсан, одоо ямар байна гэдэг л яригдана шүү дээ. Арван жилийн өмнө дуурийн театр үзэгчгүй байсан. Харин одоо үзэгчид сонгодог урлагийн гайхамшгийг бишрэн шүтэж үзэгчдийн тоо эрс өссөн. Өөрийгөө хөгжүүлж дэлхийн оюуны өндөрлөгт хүрэх гэж тэмүүлсэн залуучууд үзэж байгаа. Тэд Монголынхоо театртай танилцъя, дэлхийд тоглогддог дуурь манайд байхад заавал гадагш гарч үзэх гэж зардал гаргах шаардлагагүй гэж боддог болсон. Эндээс яг л адилхан дэлхийн дуурийн театрт тоглогддог бүх юмыг нэгэн зэрэг олж харна. Тэр тусмаа залуучууд орчин үеийн мэдлэг сайтай болсон болохоор тоглолт үзчихээд дараа нь шүүмжилж байна. Энэ маш зөв зүйтэй хэрэг. Яагаад гэвэл өөрсдийнх нь мэдэрсэн зүйлийг үзүүлж чадахгүй байгаа болохоор тэр. Ингэж үнэн сэтгэлээсээ хандаж үзэх хэрэгтэй. Энэ удаад би зөвхөн оюуны хөгжилтэй холбож ярьж байна л даа. Харин эдийн засагтай холбож яривал өөр болно. Өнөөдөр Монгол улс маш хүнд нөхцөлд амьдарч нийгмээрээ ард түмэн бүхэлдээ ядуу байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. -Дэлхийд ямар ямар том дуурийн театрууд байдаг вэ? -Дэлхийн хамгийн том театр Италид байдаг. Эндэхийн Ла-Скала театр, анх дуурь үүссэн цагаас өнөө хүртэл тэр л хэвээр оршин тогтнож байгаа. Мөн Америкийн Кернеги-Холл театр байна. Энэ театрт дэлхийн хамаг томчуул очиж тоглож түүнийг дэлхийн том баячууд үздэг юм. Бас Английн Лондонгийн Ковент-Гарден театрт дэлхийн урлагийн асар том хүчтэнүүд цуглардаг. Бас Австралийн Штаатсопера театрт дэлхийн томчуул хуралддаг. Нэг ёсны эдгээр театруудад оддын чуулган болдог гэж хэлж болно. Дээр нь 100 жилийн түүхтэй Оросын” Большой” театр дэлхийн тэргүүлэх театруудын тоонд ордог. Австралийн Сидней театрт дэлхийн жинхэнэ дуурийн оддууд чуулдаг. Гэх мэтээр нэрлээд байвал баруун Европт олон театр бий. Дуурийн урлаг Европт маш хүчтэй хөгжсөн. Манай дуурийн театр гэхэд л Европын урлагийг өөрийнхөө урлагтай хослуулж хөгжүүлээд хагас зуун болж байгаа өвөрмөц онцлогтой театр. -Тэгвэл Азийн бар гэдэг том том орнуудад театр яагаад байдаггүй юм бэ? -Хятад, Япон, Солонгост театр үүсч байгаа. Тухайлбал Солонгост театрын эхлэл нь тавигдсан. Эдгээр орнуудад өөрийн үндэсний театр байдаг ч манайх шиг уламжлалтай хагас зуун жил хөгжсөн театр байхгүй. Тийм учраас дээрх улс орнуудаас дэлхийн том том театруудад очиж сурч, боловсорч, хүмүүжиж тэндээ тоглодог. Дараа нь өөрийн орондоо дэлхийн томчуултай ирж тоглодог уламжлал бий. Бас асар их хөрөнгө мөнгөөр боссон том том тайзтай. Тэр утгаараа уран бүтээлчид нь дэлхийд нэртэй боловч байнгын суурьшсан театр байдаггүй. Тийм учраас энэ сайхан уламжлалт театраа улсын бодлогоор хөгжүүлж жинхэнэ нарийн мэргэжлийн уран бүтээлчдээр бүрдүүлэх хэрэгтэй байна. Ингэж дэлхийн жишигт нийцүүлэхгүй бол манай театр нэг уналтад орох юм бол хагас зуун жилдээ босч ирэхгүй хэмжээнд очно. -Та бид хоёр театрын тухай нэлээд ярилаа. Театрын үзэгчид залуужсан шиг өнөөдөр театр залуу уран бүтээлчдээр эгнээгээ тэлж. Гэхдээ ахмад уран бүтээлчдээ жийлээ гэсэн яриа ч нэг хэсэг дэгдсэн. Энэ тал дээр юу хэлэх вэ? -Манай дуурийн театрт ахмад залуучуудын холбоо тасарсан нь үнэн. Энэ нь зайлшгүй байх ёстой болохоор тасрахаар бэрхшээл гардаг юм байна. Наад зах нь театрыг уламжилж ирсэн ахмадуудын нөмөр нөөлөг алга болсон. Тэднээс уран бүтээлч хүн театр дотор яаж биеэ авч явах вэ, яаж уран бүтээлээ хийх вэ гээд залуучуудад суралцах юм их байна шүү дээ. 1990-ээд оны зах зээлийн давалгаанд ахмадууд нь зам мөрөө хөөгөөд залуучууд нь учраа олохгүй үлдсэн. Тэр үеэс хойш театрт энэ холбоог бэхжүүлэх боломж байсан ч бэхжүүлж чадаагүй. Цалин мөнгийг нь өгөөд нөлөө бүхий ахмадуудыг байлгаж чадах боломж байсныг алдсан. Энэ үед театрын төсөв ч утгаа алдсан. Ингэснээр театрын болоод хүний нөөцийн бодлого алдагдсан. Зөндөө уран бүтээлчид сургууль төгсч ирээд ажиллах гэтэл цалинжуулах төсөвгүй гээд л явуулчихдаг. Өнөөдөр улс хэрэгтэй газраа бүр тодруулбал оюуны хөрөнгө оруулалт хийдэг газар төсвөө хангалттай өгөхгүй, хэрэггүй газраа тэрбум тэрбумаар хаяад байгаа нь утгагүй санагддаг. Театр залуужсан нь ч үнэн ч гэлээ гээд бид ахмадуудаа хөөж явуулаагүй. Хуулийн дагуу зарим уран бүтээлчид уран бүтээлийнхээ чөлөөнд суусан. Өнгөрсөн жил театраас чөлөөлөгдсөн хүн над дээр хууль авчирч үзүүлсэн л дээ. Түүн дээр хэрвээ тухайн уран бүтээлч өөрөө хүсвэл ажлаас чөлөөлж болно гэсэн заалт байсан. Гэтэл тэр хүн би өөрөө хүсээгүй гэж байсан. Ингэж хүнийг нь хүчээр явуулж болохгүй. Хүчээр явуулахгүй гэхээр цалин төсөв нь хүрэлцэхгүй гээд олон асуудал үүсч байгаа юм. Ардын жүжигчин А.Долгорын хувьд нас нь арай болоогүй байгаа. Ч.Мөнхшүрийн хувьд таны хугацаа болсон гэхээр явчихсан юм билээ. -Зөвхөн ахмад ч гэхгүй мэр сэр залуу уран бүтээлчид ч тэр үеэр халагдсан? -Залуучуудын хувьд театрын ачаалал үүрэх гэж юм бий. Тийм учраас тэр дуучдад ачаалал бага үүрч байгаа гэдэг хамт олны санал гарсан. Тухайлбал нэг хоолойны дуучин арваад дуурьт дуулж байхад түүнтэй ижилхэн хоолойтой дуучин ганц хоёрхон дуурьт дуулж байна гэсэн гомдол ирж тэр дагуу аттестатчилал явуулсан. Миний хувьд заавал атестатчилал явуулж хүн гаргах сонирхол байгаагүй. Гэхдээ тэр гарсан залуу уран бүтээлчид дотор бага ачаа үүрэлцэж явсан хүмүүс бий. -Та театрт тоглогдож байгаа залуу уран бүтээлчдийн тоглолтын ихэнхийг найруулдаг. Тэдний чадвар чансааны тухайд юу хэлэх вэ? -Манай залуу дуучид дотор чадалтай дуучид бий. Хамгийн гол нь тэд цалингаа голдог. Голохоос ч аргагүй. Наад зах нь л орон байрны асуудал хүнд байна. Авгай хүүхэд, нөхрөө дагуулаад айлын хажуу өрөө хашаа байшин хөлслөөд явж байгаа.Тийм учраас тэд өдөр тутмын амьдралдаа дарамттай л байгаа шүү дээ. Энэ утгаар ийм байдалтай хүмүүсийн сэтгэл санааг өөдрөг байлгаж ажиллах хэцүү. Харин сэтгэл хангалуун хүнтэй ажиллах амар хялбар байдаг. Тэр хүн зөвхөн уран бүтээлээ бодож бүх анхаарлаа уран бүтээлдээ хандуулж чаддаг. Өөрөө юмаа сэтгээд найруулагчаа яаж хийвэл гоё болох вэ гээд л ирдэг. Гэтэл зарим дуучдын оронд өөрөө жүжиглэх шаардлага гардаг. Ингээд дуулаад жүжиглээд өгөөч гээд байхад ер хоолой нь гарч өгөхгүй хүнд байдалд оруулах явдал цөөнгүй тохиолддог. Хүн бүхэн янз бүр, төрөлхийн авьяастай хүн ч байна, бас олдмол авьяастай хүн ч бий. Нөгөө талаар өнөөдөр дуучид бэлтгэж байгаа сургалт муу байна. Зөвхөн Соёл урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллежоор бэлтгэж байгаа. Тийм учраас төгсч ирж байгаа дуучдад хөгжмийн түүх онол боловсрол, театрын ёс зүй алга. Гэсэн хэдий ч тэднээс шилээд авъя гэтэл орон тоо байхгүй. Чадалтай дуучид өнөөдөр театрт зайлшгүй хэрэгтэй байна. -Та хэд хэдэн томоохон дуурь найруулсан. -Би зургаан дуурь найруулснаас гурван дэлхийн сонгодог дуурийг өвөрмөцөөр найруулсан. Манайх Итали, Оросын дууриудыг их тавьдаг байсан. Харин надад хувийн бүтээлийн тал дээр хувийн бодлого гэж байдаг юм. Тэгээд дэлхийн оргил дууриудаас сонголт хийж байгаад “Богема”, “Увидаст лимбэ”, “Сарьсан багваахай” дуурийг тавьсан. Бас хоёр хүүхдийн дуурь хийсэн. Хүүхдэд зориулсан уран бүтээл хийхийг их хүсдэг ч нөхцөл бололцоо бүрдэж өгөхгүй байна. Монголын анхны хүүхдийн “Дэлхий ээжийн төрсөн өдөр” дуурийг тавьсан. Мөн “Чоно ба долоон ишиг” дуурийг тавьсан. Энэ дуурийг надаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулагч бие даалгаж хийлгэх гэж их шахсан. Өөрөө ухаантай хүн болохоор холыг харж хийлгэхийг боддог юм билээ. Дараа нь “Хөгжмийн гайхамшиг” дуурь дээр бүр намайг зодож байж ажиллуулсан гээд бод доо. Тэр бүхэн нь надад маш их хэрэг болсон. Зарим үед хүмүүс бид хоёрыг муудалцаад хонь чоно болчихсон явна, нэг мэдэхэд тэврэлдчихсэн байна гээд янз янзаар их ярьдаг юм. Энэ мэтчилэн олон дуурь тавьсан. -Та бас хэд хэдэн дуутай. Театрын их ажлын хажуугаар хувийн уран бүтээлээ хийх зав гардаг уу? -1996 онд дууны уран бүтээл хийсэн. Харин сүүлийн үед театр ачаалал ихтэй байгаа болохоор төдийлөн уран бүтээл хийх зав гарахгүй юм. Нийтдээ 100 гаруй дуутай. Тэднийгээ нэгтгэж байгаад цомог гаргах бодолтой байгаа.
Уншсан: 637
1. Бичсэн: muza, Өдөр: 12-04-2010 09:15 goe bnaa | |
|
|
|
| |
|
Валютын Ханш
| US dollar | USD | 1383.33 | | Euro | EUR | 1840.66 | | Japanese yen | JPY | 14.81 | | Английн фунт | GBR | 2124.79 | | Russian ruble | RUB | 47.38 | | Chinese yuan | CNY | 202.59 |
Өдрийн зурхай
|
Цаг агаар
|
|
 |
27°C |
 |
Дунджаар:26°C
Чийгшил: 22.8%
Салхи: 230SW 6mps |
|
|
|
|
| Цаг |
18:00 |
| Салхины хүйтрэл |
--- |
| Дунджаар |
26°C |
| Салхины чиглэл |
230SW |
| Салхины дундаж хурд |
200°/270° |
| Салхины хурд |
6mps |
| Салхины хүч |
--- |
| Үзэгдэх орчин |
10 km |
| Агаарын даралт |
1010hpa |
| Чийгшил |
22.8% |
| Чийгшилтийн индекс |
26.0°C |
| Ууршилтын индекс |
26°C |
| Хур тунадас |
--- |
| Цас |
--- |
|
Нэвтэрсэн хэрэглэгч
Сүлжээнд: 17 зочид холбогдсон байна
|