| Далайлт өндөр ч буулт байгаа онох болов уу |
| Wednesday, 10 March 2010 | ||||||||
|
Н.Энхлэн Улс төр амсхийх завгүй үргэлжилж байна. Чуулган завсарласан хэдий ч улс төрийн хүчин, хөдөлгөөнүүд дотоод тэмцэл нь гадааллаа. Өмнө нь ихэвчлэн Засгийн газар руу дайрдаг байсан гудамжны хөдөлгөөнүүдийн тэмцэл энэ удаад төр рүү бүхэлд нь дайрахаар шийдсэн бололтой.
Нэг ёсондоо тавьсан шаардлагыг нь эс биелүүлбэл УИХ-ыг тараана, төрийг эргүүлнэ гэж том том дуугарцгааж байна. Ямартай ч далайлт өндөртэй эхэлж байгаа тэмцлийн буулт байгаа онох эсэхийг хаврын урт өдрүүдэд ажиж л байя. Энэ удаагийн жагсаал цуглааныг зөвхөн иргэний хөдөлгөөнүүд зохион байгуулан, төр, засагтай тэмцэлдэхгүй бололтой. Парламент дахь намуудаас төрөн гарсан эвсэл хүчнүүд өөр өөрийн зорилготойгоор тэмцэхээ зарлаж байна. Иргэний нэгдсэн холбоо гэх иргэний хөдөлгөөнийхөн өнөөдөр хурлаа хийж, жагсаалаа эхэлнэ. Жагсаалд нийслэлчүүдээс гадна хөдөө орон нутгийнхнаас ирж хамрагдах сураг дуулдана лээ. Иргэний нэгдсэн холбооныхон их хурлаа “Улстөрчдийг шүүх иргэний анхдугаар хуралдаан” гэж нэрийджээ. Тиймээс ч их хурлаараа төрөөс төрсөн тэрбумнуудыг зарлан олон нийтэд дэлгэж, тэдний булхайг илчилнэ гэж зохион байгуулагчид нь мэдэгдэж байсан. Харин энэ холбоог мөнөөх Ж.Батзандан тэргүүлж, О.Магнай ерөнхий зохицуулагчаар нь ажиллах юм билээ. Иргэний хөдөлгөөн удирдаж байгаад нам дагаж далдагнасан тэд “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр торонд орох шахсан үед нь татаж авсан АН-ын ах нарыгаа өөрсдийн хэргээ бүтээчихээд, дараагаар нь арай чичлэхгүй байлгүй гэх хүмүүс байна. Учир нь төрөөс төрсөн тэрбумтнууд дотор АН-ын гишүүдээс ч цохиж л яваа шүү дээ. Иргэний нэгдсэн холбооныхон төрөөс төрсөн тэрбумтнуудыг нэрлэх болбол нам, эвсэл харгалзахгүй нэрсийг нь жагсаахгүй, зөвхөн МАХН-ын гишүүдээс ч нэрлэх юм уу, аль нэг талыг барьсан хандлага гаргавал олон нийт хүлээж авахгүй нь мэдээж. Тиймээс холбооныхон зорилгодоо хүрч, олон нийтийг өөртөө татахын тулд манай танай нам гэлтгүй төрийн мөнгийг хувьдаа завшин хөлжсөн хүмүүсийг нэрлэх биз. Харин энэ тэмцлийн сүүлчийн үр дүнд холбооны удирдагчид харьяалагдсан намаасаа хөөгдөх магадлалтай л юм. Ер нь намууд дотроо хамгийн их задрал, фракцтай байгаа нь АН болоод байна. Намын гишүүд нь ч доторх бүлэглэлээ дагаж намирах нь их юм. Иргэний нэгдсэн холбоог удирдах болоод байгаа Ж.Батзандан, О.Магнай нар өчигдөр болсон Ардчилсан хүчний холбооны чуулган дээр мөн л явж байсан. Нам дотроо хэтэрхий тархай бутархай, олон хэсэг хуваагдсан, жижиг жижиг фракцууд бий болох нь ямар ч байсан сайны илэрхийлэл гэхгүй л болов уу. Энэ олон хэсэг тарсан улсыг нэг дээвэр дор нэгтгэхэд намын удирдлагуудаас ихээхэн хүч, зориг шаардагдах биз. Иргэний хөдөлгөөнүүд тэмцлээ өөр өөрсдийн зорилгын дор үргэлжлүүлэх юм билээ. Зарим хөдөлгөөн холбооны зорилгыг нэр уснаас нь л мэдэж болохоор. Тухайлбал Амлалт нэхэх ард түмний холбоо гэхэд парламент дахь намуудыг амлалтаа хэрэгжүүлэхийг шахаж шаардах зорилготой байгуулагдсан. Эдүгээ хөдөө орон нутаг руу баруун зүүн жигүүр болон хоёр хуваагдан гарсан тус холбооныхон төр, засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлээд байгаа. Эдүгээ зарим иргэдийн гар дээр хүрээд байгаа 70 мянган төгрөг аманд ч үгүй, хамарт ч үгүй, Цагаан сарын буузны мах, цайны сүүний зардалд явсан. Өнөөдрийн ханшаар уг мөнгөөр ямар ч зүйлийг хийж бүтээж, бизнес эхлүүлэхэд хүрэлцэхгүй. Тиймээс засгийн эрх барьж байгаа улс төрийн хүчнүүдийг амлалтаа цаг алдалгүй хэрэгжүүлэх, эс бөгөөс чуулганы танхимыг чөлөөлөхийг шаардаж байна лээ. Тэд энэ сарын 15 гэхэд шаардлагыг нь биелүүлэхгүй бол эсэргүүцлийн жагсаал хийхээ мэдэгдээд байгаа. Харамсалтай нь УИХ энэ холбооныхны шаардлагыг хүлээж авсангүй. Тэд ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж үзснээ УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар дамжуулан мэдэгдчихсэн. Үнэндээ төр, засаг иргэний хөдөлгөөн, холбоодын мэдэгдэл шаардлагыг ажил хэрэгчээр хүлээж аваад байхгүй нь тодорхой. Иймээс ээлжит бус чуулганыг зарлуулж, намуудын амлалтын мөнгийг хаврын чуулганы хугацаанд шийдвэрлүүлэх гэсэн Амлалт нэхэх ард түмний холбооныхны эхний алхам талаар болж байх шиг байна. Дараагийн шат нь тэмцэл. Олон нийтийг уриалсан тэдний жагсаал УИХ-ыг тараах зорилготой юм. Хөдөлгөөнүүдийн жагсаал цуглаан хийхтэй зэрэгцээд УИХ-ын байнгын хороодын ажил эхлэх юм билээ. Гэхдээ байнгын хороогоор хөдөлгөөнүүдийн шаардлагуудыг хэлэлцэхгүй. Ирэх хаврын чуулгандаа бэлтгэж, хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хууль тогтоолын төслөө хэлэлцэж, чуулганы хуралдаанд шилжүүлэхэд бэлтгэх, мөн Засгийн газраас ч улсын төсөвт тодотгол хийж, УИХ-д өргөн барих гээд өөрсдийн эрх мэдлийн хүрээнд хийх ажлын бэлтгэлээ хангах зорилготой. Ер нь хөдөлгөөн холбоодын тавьж байгаа шаардлагыг зарим иргэд зөв гэж үнэлдэг. Төр, засгийнхны мартсаныг үе үе сануулж байхгүй бол эд юмыг амархан мартдаг улс, сануулж, хэлж байх нь зүйтэй гээд л дэмжих хэсэг байдаг ч, жагсаал цуглаанд нь хүч нэмэн оролцоод байдаггүй. Харин нөгөө хэсгийнхний хувьд төрийн ажил хийхэд саад болж байна гэж үзэцгээх нь бий. Дээр нь энэ урт тэмцлийн үр дүн харагдахгүй байгаад нийгмийн масс сэтгэл дундуур явдаг юм билээ. Сүүлийн үед хөдөлгөөн холбоодын үйл ажиллагааг цаг хугацаа дэмий үрсэн ажил гэж үл тоомсорлох хэсэг ч гараад ирсэн. Өөрөөр хэлбэл монгол сэтгэлгээгээр сүсэггүй болсон гэх үү дээ. Учир нь жагсаал цуглаан зохион байгуулагчид өөрсдөө ч эцсийн зорилгодоо хүрч чаддаггүй, бусдын итгэл алддагтай холбоотой. Иймээс энэ хаврын тэмцлийн зорилго урьдын адил үр дүнгүй агаарт замхарчих вий гэж олон хүн болгоомжилж байна лээ. Уншсан: 479
|
||||||||


.jpg)

Сэтгэгдэл бичих