| Баримт бичгийн зөрчлөө арилгахыг хүсвэл... |
| Wednesday, 10 March 2010 | ||||||||
|
Т.Энхцэцэг
Монгол улсын хэмжээнд иргэний бичиг баримтын шинэчилсэн бүртгэлийг долдугаар сарын нэгний өдрөөс зохион байгуулна. Энэхүү ажилтай холбогдуулан дүүргүүд иргэдийнхээ бичиг баримтыг цэгцэлж эхлээд байна. Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн албаны дарга С.Оюун-Эрдэнээс энэ талаар тодрууллаа. -Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэл мэдээллийн алба иргэдээ бүртгэж, бичиг баримтын зөрчлийг нь арилгах аяныг зохион байгуулж байгаа гэсэн. Аяны явц ямар байна вэ? -Иргэний бичиг баримтын зөрчил арилгах аяныг гуравдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр сарын нэгний хооронд буюу нэг сарын хугацаатай зохион байгуулж байна. Энэ хугацаанд харьяалалгүй иргэдийг бүртгэж, бичиг баримтаа үрэгдүүлсэн, хүчингүй болгосон зэрэг зөрчлийг арилгах, шинээр олгох ажлыг явуулж байгаа. 0-16 насны хүүхдүүд төрсний гэрчилгээ, 16-аас дээш насны иргэд иргэний үнэмлэхээр бүртгэлд хамрагдах хуультай. Аяны явц нэлээд сайн байгаа. Дүүргийн хэмжээнд 182 мэргэжилтэн, өрхийн эмнэлэг, сууц өмчлөгчдийн холбоо болон хороо, хорооны хэсгийн байцаагч, сайн дурынхан гээд нийт 500-аад хүн иргэний бүртгэлийн ажилд биечлэн оролцож байна. Ажлын хэсгүүд айлуудаар явж, уртасгасан цагаар ажиллаж байгаа. -Дүүрэг он гарсаар хэдэн иргэнтэй болоод байна вэ? -2009 оны жилийн эцсийн статистикаар 139765 иргэн, 31648 айл өрх бүртгэгдсэн байдаг. Гэвч бүртгэлгүй хүмүүсийг хамруулвал нийт 150000 орчим хүн ам амьдардаг. Манай дүүрэгт жилд ойролцоогоор 2000-3000 хүн нэмэгдэж, шилжин суурьшдаг. -Иргэний баримт бичгийн ямар зөрчил илүү их гарч байна вэ? -Ихэнхдээ иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдол байна. Мөн 16 нас хүрсэн хэрнээ иргэний үнэмлэхээ авдаггүй, оршин суух хаяг нь тодорхойгүй, шилжүүлгээ хийлгээгүй зөрчил байсаар байна. -Амралтын өдрөөр бүртгэлийн ажлыг явуулна гэж байсан? -Улсын бүртгэлийн ерөнхий газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн амралтын нэг өдрийг иргэддээ зориулж, иргэний бүртгэлийн ажлыг зохион явуулдаг болсон. Энэ бямба гаригт тус бүртгэлийн ажлыг явуулна. Ийм өдрийг бий болгосноор иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгахад нөлөөлөх болсон гэв. Уншсан: 208
|
||||||||


.jpg)

Сэтгэгдэл бичих