| Р.Бурмаагийн гомдлын нулимс нуур болон тогтох нь ээ |
| Monday, 08 February 2010 | ||||||||
|
Сонгуулийн гомдол нэг хэсэг намжаад дараагийн сонгуулийн сургаар сад тавин асгардагсан. Харин энэ удаа “Сонгогчдын боловсрол” төвийн тэргүүн Р.Бурмаа бүсгүйн гомдол дараагийн сонгууль болтол үргэлжлэхээр барахгүй аягүйдвэл насан туршийнх болж магадгүй байна. Арга ч үгүй биз дээ.
Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригттой өрсөлдсөн ч намын генсек нь ил цагаан өөдгүй загнан “Ах” намынханд тал зассан юм чинь. Угаас аливаа асуудалд буурьтай хандан араас нь гомдол тавьсан ч баримт сэлт цуглуулахаа алгуурлаж үзээгүй эл хатагтай энэ удаа ч АН-ын генсек Д.Эрдэнэбатын эсрэг шүүхэд өргөдөл, гомдол гаргахаар зэхэн гүйж яваа аж. Гэхдээ л гомдсон гомдол нь амирлах шинжгүй нулимс нь урсаад, эгээ л нуур тогтвол тогтохоор их шингэнээ алдаж байгаа гэж дуулдсан. Мэдээж улс төрийн хатуу ширүүн амьдралыг туучин, элдвээр гоочлуулахыг юман чинээ тоохгүй болтлоо хатуужсан Р.Бурмаа бүсгүй олны нүдэн дээр нулимс дуслуулж намба алдаагүй ч орой үдшийн цагаар сул асгарах нулимсаа яагаад ч барьж чадахгүй байгаа гэх. Ямартаа л түүний нууцхан нулимсыг яахаа мэдэхээ байсан дотныхон нь “Д.Эрдэнэбат дурак арай л дэндүүлсэн юм шиг байна даа” гэж толгой сэгсрэхээс өөрийг үл хийж, гайхшаа барж суугаа ажээ. Халхын аварга докторын цайллагаа хэзээ хийх юм бол доо УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тэр ч утгаараа тус дээд байгууллагад жижигхэн Монголдоо л сор болсон хүмүүс ажилладаг. Угаас тэднийг ажиллуулахаар ард түмэн сонгодог. Хааяа тэд өөрсдийгөө сонгогдсон мэт харагдуулах хор найруулчихдаг. За тэр яахав. Сонирхуулахад халхын босоо аварга Б.Бат-Эрдэнэ гишүүн зүлэг ногоон дэвжээнээ шавж, дэвж явсан хийморьтой нэгэн. Тэрбээр өдгөө төрийн түшээ хэмээгдэж дадчихаад байгаа. “Би бөх барилдахаас өөрийг мэдэхгүй бүдүүн тоймын эр биш ээ” гэж учирласаар УИХ-д хоёронтоо сууж буй тэрбээр хуулийн мэргэжилтэй төдийгүй докторын зэрэг хамгаалах гэж буй тухай сураг дуулдах болсон. Уг нь мөнгөтэй, алдартай хүнд хэдэн бор юм байвал тэр зэрэг нь амархан бүтэх ч, мань хүн мөнчгөрөөрөө зэрэг хамгаалах гэж мугуйдлаад хугацаа алдсаар өнөөг хүрсэн нь тэр. Ямартаа л нутгийнхан нь докторын цайллага хүлээхээс залхлаа гэж үглэж суухдаа тулахав. Харин мань эр үүнийг үл анзааран, “заавал чадлаараа хамгаална даа” хэмээн гүрийж зав л гарвал ном шагайн хүглийн суусаар удлаа. Хэзээ хамгаалах юм бол доо, тэр докторын зэрэг гээч юм аа... Яван чангарагч хүмүүний ямбалах хүсэл хязгааргүй Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг үйлээ үзэж, үхэр цам харайхаас наагуур юм болж байж, хоёр дэдээ томилуулж чадсан юм чинь нойр бүтэн хонож, ядаргаагаа тайлж байгаа байх гэж бодсон, үгүй гэнэ. Хоёр дэд ерөнхийлөгчөө буландаж байгаад ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгүүлсэн гэгдэх тэрбээр ямбалах дуртайгаас гадна янзтай их амбицтай нэгэн гэдэг үнэн бололтой. За ямартаа ч экс дэд Д.Энхжаргал нь мань эрийг МАХН-ын бүлэг дээр “Шахаж дарамтлаад өргөдөл бичүүлсэн. Уг нь би ажлаа хийх асар их сонирхолтой” хэмээн мэдэгдэж нүүрийг нь түлээд амжсан ч тэрбээр тас гэдийж, өөрийнхөөрөө зүтгэсээр санасандаа хүрч башийсан. Гэвч үүгээр мань эрийн хүсэл ханаагүй бололтой. Эгээ л алтан загасны эмгэн мэт аяглах болсон сураг сонсогдох боллоо. Өөрөөр хэлбэл эрхэм Л.Пүрэвдоржтон өмнөх ерөнхийлөгчийн гарын үсэгтэй мөнгөн тэмдэгтийн захиалгыг цуцлан өөрийнхөө гарын үсгийг өгсөн агаад өнөөх гадаадынхан нь гайхсандаа УИХ-ын гишүүдэд хов хүргэж амжсан юм байх аа. Цуглуулга ч гэсэн ашигтай байх хэрэгтэй УИХ-ын гишүүн З.Энхболд идэвхтэй хөдөлгөөнтэй амралтад дуртай гэнэ. Цанаар гулгаж, теннис тоглоод л…Гэхдээ заримдаа идэвхгүй буюу тодруулбал ном уншиж, интернэтээр аялж чөлөөт цагаа өнгөрүүлэхээс ч буцдаггүй гэсэн. За юутай ч интернэт, техник технологийн давуу талыг боломжийн хэрээр ашиглаж байж кайф авдаг түүний ажлын өрөө баргийн байгууллагын оффисыг дагуулахааргүй тоног төхөөрөмжтэй гэж мэддэг хүмүүс уулга алддаг юм билээ. Аливаа асуудалд нухацтай ханддагаараа улстөрчид байтугайг нь ангайлгадгаараа алдартай тэрбээр сэтгүүлчид яриа өгөхдөө диктафон гаргаад тавьчихдаг нь ч хоббитой нь холбоотой гэдэг. Түүнээс гадна тэрбээр бариултай аяга цуглуулдаг бөгөөд нэг шүүгээ дүүрэн цуглуулгатай юм гэсэн. Цуглуулгынхаа тухайд “Улс орон бүр өөрийнхөө онцлогийг харуулсан аяга гаргадаг. Аягаа харж, хаана явж байснаа санадаг төдийгүй цай хийгээд уучихдаг болохоор ашигтай тал олон” гэж хуучилдаг тэрбээр цуглуулга ч гэсэн ашигтай байх хэрэгтэй гэж бусдад зөвлөдөг. 10 суудал авч чадахгүй бол улс төрөөс зодог тайлна Иргэний зориг намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригт сүүлийн үед тун ч завгүй яваа сурагтай. Арга ч үгүй биз дээ, намынх нь үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой болох гэж байгаа юм чинь. Нэгэн цагт АН хэцүүхэн байдалд орж, улс төрчид нь ИЗН-ыг байгуулан өрх тусгаарлахад дургүйцэх хүмүүс олон байсан ч өдгөө тэр бүхэн түүх болон үлджээ. Гэвч тус намын хувьд УИХ-ын сонгуульд тун ч “морьгүй” гэж хэлж болно. Бодоод үз л дээ. Тус нам хамгийн ихдээ үсрээд л хоёр суудал авсан байдаг. Харин энэ удаа 10 жилийн ойгоо угтан ажил ихтэй яваа М.Зоригтын хувьд ирэх сонгуульд намаа дор хаяж 10 суудал авахуулахаар сэтгэл шулуудан, ажлын төлөвлөгөө ч гаргасан гэнэ. Тэр ч утгаараа намууд дээгүүрээ найраа хийж, наймаа панз үсэргэн анхаарлаа сарниулсан буюу сааруулсан алтан боломжийг ашиглан сонгуулийн сурталчилгааны ажлаа эхэлсэн гэнэ. Түүгээр ч барахгүй тэрбээр дотны нөхөдтэйгээ буу халан пиво шимсэн шигээ хөлчүүхэн суухдаа 2012 оны УИХ-ын сонгуулиар манай нам 10 суудал авч чадахгүй бол би ИЗН-аас төдийгүй улс төрөөс ангид амьдрах болно. Шуудхан хэлчихэд “зодог тайлна” гэж ам алдсан гэнэ шүү. Уншсан: 628
|
||||||||


.jpg)

Сэтгэгдэл бичих