| Гууль болсон сонгуулийн хууль |
| Monday, 08 February 2010 | ||||||||
|
Н.Энхлэн
Хоёр жилийн дараа сонгогчид бид төрийн сонгуулийг нэгэн өдөр бөөндөж өгөхөөр болж байна. УИХ-ын, орон нутгийн, сум, багийн хэмээн тус тусдаа явагддаг сонгууль шинэчилсэн хуулиар нэгэн өдөр зэрэг явагдахаар боллоо. Нэг талаас энэ нь бүтэн жилжингээ, цаашлаад жил дамнан сонгуулиар амьсгалахгүй, нэр дэвшигчдийн сурталчилгааны материалд дарагдаж, сонгуулийн цагаан хоолойг урт хугацааны туршид чихээ дөжиртөл сонсохгүй амар боллоо. Үүн дээр төсөв зардал ч хэмнэлттэй тусч байгаа юм. Гурван удаа явагдах сонгуулийг нэг удаагийнханд хамруулснаар нэр дэвшигч талд ч, улсын төсвийн зардалд ч хэмнэлт ирж байна. Сонгогчдын тухайд УИХ, орон нутаг, сум багт нэр дэвшиж байгаа тэр олон нэр дэвшигчид дотор төөрөлдөхгүй, сонгуульдаа идэвхтэй оролцож, сонголтоо хариуцлагатай хийх шаардлага тавигдаж байна. Харин сонгуулийг хэрхэн явуулах ямар хэлбэрийг сонгохоо намрын чуулганаар түшээд хэлэлцлээ. Манайд өмнө нь пропорцианаль болон мажоритари системийн аль аль нь байсан. Урьд нь 76 тойргоор явагддаг сонгуулийг өмнөх сонгуулиар 26 болгож томсгосон. Энэ системийн аль нэгийг нь хэрэглэвэл дутагдалтай учир холимог хэлбэрээр сонгууль явуулъя гэсэн саналыг гишүүдийн дийлэнх нь барьж байгаа. Юутай ч сонгуулийг пропорцианаль тогтолцоогоор явуулах дээр санал нэгдээд байгаа юм билээ. Пропорцианаль дотроо олон янз. Эндээс манай нөхцөлд тохиромжтой хувилбаруудыг сонгохоор гишүүд ярилцаж, туршлага судалсаар байна. Гэхдээ ямар ч хувилбараар явуулсан сонгуулийн будилаан үргэлж л давтагдаж байдаг хойно. Сонгуулиас сонгуулийн хооронд гардаг булхай, будилаан улам л нарийссаар байгаа нь нууц биш. Сонгуулийн ямар ч хэлбэрээр явсан санал хураалтын үеийн будилааныг арилгана гэж хуулийг боловсруулах ажлын хэсгийнхэн ярьж байсан. Сонгуулийн тогтолцоогоо хэчнээн өөрчиллөө ч будилаан маргаан нь зогсохгүй бол яах вэ? Энэ нь хэлбэр өөрчлөгдсөн төдий зүйл болж байна гэсэн үг. Үнэндээ хуулийн хэрэгжилтээс чанар нь харагддаг. Манайдаа сонгуулийн ямар ч тогтолцоог сонгосон сонгуулийн үеийн зөрчил, сонгогчийн санал худалдаж авах явдал гарсаар л ирсэн. Өөрөөр хэлбэл Сонгуулийн тухай хууль хэрэгжихээрээ зэс нь цухуйж, нэр дэвшигчид онгорхой цоорхойгоор нь будилаан хутгах зэргээр гууль болгож орхидог билээ. Өнгөрсөн сонгуулийн маргаан гэхэд л дуусахгүй явсаар 2009 оны намраар цэг тавигдсан. Өнөөдөр ч гишүүдийн яриад байгаа сонгуулийн тогтолцоог сайжруулах шинэчилсэн хувилбараар сонгуулийн маргаан арилна гэдэгт сонгогчид нэг л итгэл төгс бус байгаа. Сонгуулийн санал хураалт явагдаж дууссаны дараагаар л ялагдал хүлээсэн улс төрийн намуудын зүгээс ялагч буюу олон суудал авсан нам руугаа дайрах, нэр дэвшигчдийн хооронд мөн л маргаан будилаан гаргасан гэх зэргээр Сонгуулийн хороо руу гомдол санал цувардаг. Уг нь АН-аас Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг ахалсан З.Энхболд гишүүний яриагаар саналын хайрцагны таган дотор скайнер байрлуулчихвал санал тоолох явцад будилаан үүсэхгүй гэж ярьж байсан. Хэрвээ хэрэгжиж эхэлбэл сайхан л санал сонсогдсон. Гэвч скайнер бүхий саналын хайрцгийг хөдөө орон нутагт тээвэрлэх үед техник нь эвдэрч гэмтэхийг алийг тэр гэхэв. Дээрээс нь санал тоолох үед Засаг дарга нарыг байлцуулахгүй гэж байсан. Учир нь улс төрийн албан хаагч болох Засаг дарга нар санал тоолох явцад саналын хуудсыг нэмж хасч, өөрийн намдаа үйлчлэх үндсэн ажлаа хийдэг будилааны эзэд гэж байгаа. Засаг дарга нарыг санал тоолох үед байлцуулахгүй байлаа ч улс төрийн хүчнүүд өөрсдөдөө санал хуваах аргаа олчихно гэж зарим сонгогчид хаширлаж байсан. Юутай ч пропорцианаль системээр явагдах сонгууль нэг тойрогтой хэсэгчилсэн тогтолцоогоор явагдах уу, 76 жижиг тойргоор явагдах уу гэдгийг гишүүд ирэх хаврын чуулганаар шийдэх байх. Харин сонгуулийн хуулийг гууль болгодог будлиан, маргаанаа хэрхэн зохицуулахыг харж л байя даа. Шинэээр төрсөн хуулийг сайн болсон гэж хэчнээн ярилаа ч ирэх сонгуулиар чанар нь танигдах хойно. Уншсан: 574
|
||||||||


.jpg)

Сэтгэгдэл бичих