Advertisement

Галерей Таймс

Захиалга

Та сониноо захиалан уншаарай. Улиралд 66 дугаар 9900 төгрөг.
Та хэвлэл захиалгын мөнгөө Ìîíãîë Øóóäàí 10000030931 тоот "Улаанбаатар таймс" сонины дансанд тушаана уу. Утас: 322215, 70111035, 70111063
Манай сонины нэмэлт захиалга 44 дугаар 6900 төгрөг.

Улаанбаатар Таймс

 Aug   Sep 2010   Oct

SMTWTFS
   1  2  3  4
  5  6  7  8  91011
12131415161718
19202122232425
2627282930 
Techies Resources ESL

Архив

Нүүр arrow Улаанбаатар Таймс arrow Соёл урлаг arrow Зураг зарах нь муухай бизнес
Зураг зарах нь муухай бизнес
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Thursday, 04 February 2010
Х.Алтанцэцэг
Image “Манай зураачид их сонин хүмүүс шүү дээ. Өөрийнхөө дотроос “тасран унасан” бүтээлээ  гадаадынханд хэдхэн халтар төгрөгөөр худалдчихаад юу ч болоогүй юм шиг сууж байдаг. Уг нь зүрхнээс гарсан бүтээлээ зарах хэрэггүй л байхгүй юу. Харин худалдааны зорилгоор хэд хэдэн бүтээл хийгээд түүнийгээ бол хямдхан зарж болно.
 Өр зүрхнээс гарсан бүтээл гэдэг хэзээ ч дахин давтагддаггүй юм. Би тэр сайхан бүтээлийг хараад зарах гэж байгааг нь бодохоор үнэхээр харамсдаг” хэмээн ярих энэ эмэгтэйг Г.Болормаа гэдэг. Яриад байгаа нөхөдтэйгээ мэргэжил нэгтэй хүн. Гэвч тэр өнгөрсөн жилээс  зураачдадаа тусалж тэднийхээ менежер нь болж яваа юм билээ. Өөрөөр хэлбэл “Амирлан” нэртэй групп байгуулж өөрөө төлөөлөгчөөр нь ажиллан зураачдын бүтээлийг урлаг ойлгодог, урлагийн мэдрэмжтэй түүнийг урлагийн бүтээл хэмээн эрхэмлэн дээдэлж дээш нь залж чаддаг эздэд нь хүргэхийн тулд гүүр болж яваа эмэгтэй. Түүнтэй уулзаж ярилцсан юм.
-Таны ярианаас зураачдын талаар жаахан эмзэглэл цухалзаад байх шиг?
-Би уг нь өөрөө зураач мэргэжилтэй хүн л дээ. Сүүлийн нэг жил урлагийн менежментийг хийх гээд зүтгэж явна. Хүмүүс урлагт ойрхон байх ёстой. Тийм ч учраас хүмүүст урлаг үзүүлэх гэж зориод хичээгээд явна. Энэ ч үүднээсээ “Амирлан” гэж групп байгуулсан. Энэ групп маань зураачдын бүтээлийг хүмүүст таниулах зорилготой. Зураачдыг бусдаас хамаарахгүй өөрсдөө биеэ даагаад явчихаар хэмжээнд байгаасай гэсэндээ бүтээлийг нь зарж борлуулах ажил хийдэг. Урлагийн хүмүүс чинь урлаггүйгээр амьдарч чадахгүй болчихсон байдаг юм шүү дээ. Тэгээд ч урлагийн бүтээл хүний зүрх сэтгэлд их нөлөөлж байдаг зүйл. Тэр үүднээсээ хүмүүст урлагийг үзүүлж байя гэж зориод байгаа юм. Түүнээс биш би ямар нэгэн зургийг хүнд үзүүлээд зураачийг нэрд гаргаад байхыг хүсээгүй. Гэтэл зураачид маань өөрсдөө нэрд гарахыг хүсээд байна. Уг нь бол зураачид  өөрийнхөө дүр төрхөөр биш бүтээлээрээ хүнд танигдах ёстой юм. Дуучид болоод жүжигчдийг бүтээсэн дүр, дуулсан дуугаар нь таньдаг шиг зураачдыг бүтээлээр нь мэддэг болчихвол мөн сайхнаа гээд л бодоод явна. Гэтэл манай зураачид би ийм авьяастай гэж өөрийгөө үзүүлэх гээд зүтгээд байх юм. Дуучид жүжигчдийг бодвол зураач хүн өөр байх хэрэгтэй. Дуучин жүжигчин бол нэрд гарч болно. Харин зураач уран бүтээлчид өөрийгөө рекламдах шаардлага байхгүй. Эцсийн эцэст түүний зурсан зургийг л хүн авна биз дээ. Зургаар нь дамжуулж л тухайн зураачийг ойлгож байдаг.  Тэр хүн мундаг учраас тэр зургийг зураад байгаа ч юм биш.
-Яагаад, зураач хүн мундагтаа тэр зургийг зураад байгаа юм биш үү?
-Уран бүтээлч хүнд онгод гэж ирдэг. Тэр онгодоор ирсэн санааг гараараа дамжуулж хүмүүст хүргэж байгаа юм. Хүмүүс зураачид тэр зургийг өөрсдөө зохиодог гэж ойлгоод байдаг.  Зохиодоггүй. Бөө нарт онгод ирдэг гэдэг шиг бидэнд тэнгэрээс мэдрэмж ирдэг. Тэр мэдрэмж нь бидний гараар бидний оюун санаагаар бүтээгдэж зотон дээр бууж байгаа юм. Тийм учраас зураачид зураг гэдэг тэр агуу юмныхаа боол, зарц шиг ажиллах ёстой.  Тэнгэрээс илгээсэн тэр мэдрэмжийг чөлөөтэй гаргаж өгч байх ёстой хүмүүс. Гэтэл өнөөдөр уран зургийн анги төгсч байгаа хүүхдүүд зураг зураад л сайхан бизнес хийж мөнгө олчих юм байна гэсэн бодолтой болж. Зураач болчихвол баян болох юм байна гэсэн ойлголттой хүүхдүүд үнэхээр олон байна. Би нэг зураг зураад тавьчихаар түүнийг хүмүүс өндөр үнээр худалдаж аваад байхын байна гэж бодсон хүмүүс маш их бий. Ер нь энүүхэндээ гэхэд зураачид зурсан зургаа зарна гэдэг нь өөрийнхөө үнэтэй нандин юмнаасаа тасдаад зарчихаж байгаатай яг адилхан. Өөрөөр хэлбэл зүрх сэтгэлийнхээ нэгээхэн хэсгийг тасдаад зарчихаж байна гэсэн үг. Энэ үүднээсээ гүн рүү нь харвал зураг зарах нь их муухай бизнес. Би саяхан Америкийн нэг судалгааг үзлээ л дээ. Тэд яадаг вэ гэхээр өөрийнхөө оргил болсон тэр сайхан нандин бүтээлүүдээ ерөөсөө зарахгүй хадгалж байдаг юм байна. Үнэхээр зарах шаардлага гарлаа гэхэд асар өндөр үнээр зарах жишээтэй.
-Бүтээлээ зарахгүй гэхээр өөрөөр яаж санхүүжих юм бэ? Тэгээд ч дараагийн сайхан бүтээлийг гаргахын тулд будаг шунхнаас эхлээд хөрөнгө мөнгө чамгүй хэрэгтэй биз дээ?
-Хүмүүсийн сонирхоод байгаа зүйлийг нь зураад үнэхээр сонирхсон хүнд нь зарж чиний хэлээд байгаа дараагийнхаа бизнесийн мөнгийг олж болно гэдгийг америкчууд энэ судалгаагаараа гаргасан байна билээ. Өөрөөр хэлбэл хүмүүсийн хэрэгцээнд зориулсан зураг гэж тусдаа байх нь байна шүү дээ. Энэ нь өөрийнхөө зүрх сэтгэлээ зарахгүй гэсэн үг. Өөрийнхөө торгон мэдрэмжээ, оргил бүтээлээ, гайхамшигтай бүтээлээ зарахгүй гэсэн санаа байгаа биз. Ийм байдлаар дараагийнхаа бүтээлийг хийх мөнгөө олж болно. Мэдээж бас хоолныхоо мөнгийг тэндээс гаргана л даа. Тэгэхээс биш машин тэрэг ч гэдэг юм уу том юмны мөнгө гаргах гээд зүтгээд байх шаардлагагүй. Манай зураачид бүтээлээ хэд хэдэн саяар нь үнэлээд л аваад ирдэг. Гэтэл тэр олон саяар нь авдаг хүн өнөөдөр манай улсад хэд билээ. Пүүс команийн захирлууд л ганц нэгийг авна. Ихэнхдээ л гадаадын хүмүүс манай зураачдын бүтээлийг авдаг байхгүй юу. Үнэ нь дээр зөвшилцөх бас их хүнд.
-Та өөртөө ашигтай байлгахын тулд  бага үнэ тогтоо гэж хэлээд байгаа юм биш үү?
-Үгүй л дээ. Мөнгөндөө гол нь байгаа юм биш. Би өөрийнхөө бүтээлийг гэхэд үнэхээр сонирхоод байгаа хүнд үнэгүй өгөөд л явуулдаг. Яагаад гэхээр тэр хүнд миний бүтээл үнэхээр хэрэгтэй байна шүү дээ. Хармаар байна, гэртээ байлгамаар байна. Энэ чинь урлагийн бүтээл шүү дээ. Гэхдээ манайд зургаар бизнес хийж байгаа хүмүүс байгаа л даа. Зураачдаас хямдхан аваад цааш нь өндөр үнээр борлуулдаг. Тэд бол ченжээс ялгаа алга. Харин би тэдэн шиг хямдхан худалдаж аваад цааш нь дамлахыг хүсдэггүй. Тэгээд ч манай групп зураачидтайгаа нягт холбоотой байдаг. Хүсвэл зураач бүтээлээ борлуулахад хамт байсан ч болно. Гэхдээ л би зураг зарах бүрдээ эмзэглэдэг. Яагаад гэхээр зураачдынхаа зүрх сэтгэлээ зарж байж бүтээсэн бүтээлийг хэдхэн төгрөгөөр зарчихаж байна шүү дээ. Ингээд бодохоор зарсан бүтээлийнхээ зохих хувийг заримдаа авмааргүй санагддаг юм. Тэднээс их мөнгө авахыг ч би үнэндээ хүсдэггүй. Би өөрөө зураач учраас нэг бүтээлээ зарчихаад ямар их шаналдагийг мэддэг учраас. Уяач хүн хурдан хүлгээ зарахдаа ямар харам байдаг билээ, яг л түүнтэй адилхан. Үнэндээ зураачид амьдралын шаардлагаар л баргар царайлж байгаад л бүтээлээ худалддаг.        
-Та зураачдын бүтээлийг борлуулах ажил хийж байж бүтээлээ худалдаж болохгүй гээд яриад байх юм. Тэгээд зураачид чинь яаж амьдрах юм бэ?
-Би түрүүнд хэллээ шүү дээ. Америк зураачид яаж санхүүждэг талаар. Яг л түүн шиг баймаар байна. Нандин бүтээлээ хадгалж хүмүүсийн хэрэгцээний зураг зурах хэрэгтэй. Манай нэг зураач гэхэд монгол зургийн стилтэй мөртлөө гэр бүлийн зургийг хээ хуараар чимэглэж зурдаг. Маш жижигхэнээсээ эхлээд том том зураг ч түүнд их байдаг. Тэр зураач гэхэд тэднийгээ борлуулаад хоолоо олж иддэг. Түүнийг нь би их таашаадаг юм. Харин ч тэр үүгээрээ өөрийнхөө менежментийг хийж байгаа хэрэг. Үнэтэй зургаа зарах гээд тэр хоорондоо өлсөөд эсвэл өр тавьж янз янзын асуудалд орж байснаас тэр нь дээр. Иймэрхүү өөр байдлаар мөнгө олж болохоор байгаа юм. Нэгэнт зах зээлд орчихсон энэ цаг үед өөрийнхөө гараар зурсан бүтээлээ зарах нь зүйн хэрэг ч зүрх сэтгэлээс гарсан бүтээлээ битгий зараарай гэж л би хэлэх гээд байгаа юм. Зургаа зарчихаар бид чинь хоосорчих шиг болдог байхгүй юу. Бүр дахиад зураг зурж чадахааргүй байдалд ордог. Олон зураач надад ингэж хэлж байсан. Яагаад гэвэл тэр бүтээлтэй хамт зүрх сэтгэл нь зарагдчихаж байгаа хэрэг. Ямар ч зураач за энийг зурнаа гээд суугаад зураг зурж чаддаггүй. Зүрх сэтгэлээрээ хөглөгдөж байж л зураг зурдаг. Тэгэхээр тэр хөг нь байхгүй болчихоор яаж зураг зурах юм бэ.
-Уг нь өөрийгөө үнэлэх үнэмж нь тухайн зургаар гарна биз дээ. Тиймдээ ч өөрийгөө үнэлдэг хүн зургаа өндөр үнэлэх байлгүй?
-Гэхдээ цаадуул чинь их сонин юм ярьдаг юм. Маш их будаг орсон том бүтээл гээд л өндөр үнэлгээ тавьчихдаг. Гэтэл жижиг зураг нь их хямдхан. Тэр жижиг зураг дотор нь үнэхээр гоё зураг зөндөө байдаг. Тэгсэн хэрнээ нэг их үнэ хүрэхээргүй бүтээлүүдийнх нь үнэ сая давчихсан байх жишээтэй. Тэгээд би гайхаад “Яагаад ийм сайхан бүтээлээ 150 мянга гэж байгаа юм бэ. Энэ чинь дор хаяж 500 мянга хүрэх зураг байна шүү дээ” гэхээр  “Наадах чинь жижиг зургаа. Энэ наадахаас чинь хоёр дахин том” гэсэн сонин утгагүй тайлбар хэлээд зогсож байдаг. Урлагийн бүтээл гэдэг чинь том жижгээсээ хамаардаггүй л байхгүй юу. Тиймээс би зүрх сэтгэлээ зарахгүй байх нэг арга нь түрүүний хэлсэн арга л байна гэж зураачдадаа хэлмээр байна.
-Таныхаар бол зураачид хоёр гартай байх ёстой болж таараад байх шиг. Зүрх сэтгэлээс гарсан бүтээлээ хэзээ ч зарж болохгүй. Яагаад гэхээр энэ бол зөв гараар бүтээгдсэн таны нандин бүтээл. Харин солгой гараараа ямар ч хамаагүй зураг зураад түүнийгээ зарж дараагийн зүрх сэтгэлээс гарах нандин бүтээлээ зурах материалаа авах ёстой гэж хэлээд байна гэж би ойлгоод байна?
-Уран бүтээлч хүн өөр ажил хийгээд явсан ч гэсэн заавал буцаад ирдэг. Яагаад гэвэл бийр барихгүйгээр амьдарч чаддаггүй. Өөр ажил хийсэн ч гэсэн зүрх сэтгэлдээ, толгойдоо зургаа зураад л явж байдаг. Ер нь би зураачдыг мөнгөгүй суулгахгүйн тулд л ийм менежментэд ороосой гэж хүсээд байгаа юм. Солгой гараар бүтэх гэж хэлж болохгүй л дээ. Адилхан л түүний сэтгэлээр бүтээгдэж байгаа зураг. Гол нь онгодоор орж ирсэн зургаа биш нийгмийн шаардлагаар хүмүүсийн хэрэгцээнд зориулж зураг зураад түүнийгээ мөнгө болгох хэрэгтэй гэж хэлэх гээд байгаа юм.
-Монголын зураачдын ур чадвар ямар хэмжээнд байна вэ. Гадаадын иргэд манай зураачдын бүтээлийг сонирхоод аваад байна гэхээр бас ч үгүй чамгүй үнэлэгддэг байх нь тийм үү?
-Хүний уран бүтээлийг хэзээ ч харьцуулж болдоггүй. Харьцуулагддаггүй. Дэлхийнх аймаар болчихоод манайхан дутаад байгаад байгаа юм биш. Монгол зураачдын зурж байгаа зургийг дэлхийн ямар ч зураач зурж чаддаггүй. Тийм болохоор монгол зураачид маань Монголынхоо хэмжээнд сайн. Гадныхан монгол зураачийн зургийг авч яваад өөрийнхөө орныхонд үнэхээр гайхуулдаг.  Монгол зураачийн ур чадвараар өөр орны зураач хэзээ ч зурж чадахгүй. Тийм болохоор монгол зураачдын зургийг дэлхийн түвшинд гаргаад тавьбал сайн гэж үнэлэгдэнэ. Хамгийн гол нь монголчууд өөрсдийгөө бага рекламддагаас болоод дэлхийд танигдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл манай менежерүүдийн үйл ажиллагаа муу байна л даа. Монгол зураачийн бүтээл дэлхийн хэмжээний бүтээл болох цаг хугацаа ойрхон гэж би бодож байгаа. Хамгийн гол нь өнөөдөр Монголд зургийн менежментийг гадаадынхан хийж байна. Миний энэ салбарт хүч үзэх болсон минь бас үүнтэй холбоотой. Монгол зураачийн бүтээлийг монгол хүн л илүү сайн ойлгоно шүү дээ. Гадаадынхан яаж энэ хүний бүтээлийг хямдхан аваад үнэтэй борлуулах вэ гэдэг дээр л толгойгоо ажиллуулдаг. Монгол хүн бол уран бүтээлийг нь бодож ажилладаг.
-Гадаадын хүн монгол зураачдын бүтээлийг борлуулахад хүчээ зараад байна гэхээр монгол зураачдын ур чадвар сайн байгааг илтгээд байна гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Монгол зураачдын зураг тэгэхээр аль хэдийнэ дэлхийн түвшинд оччихоод байна гэсэн үг. Гэхдээ монголчууд контенперари гэдэг ч юм уу модерн талаас нь хөөцөлдөөд хэрэггүй юм шиг байгаа. Яагаад гэвэл манайхан энэ чиглэлийг гүйцэхээсээ өнгөрсөн. Харин монгол төрхийг авсан хэрнээ орчин үеийн техниктэй зураг зурвал дэлхийд гайхагдах байх гэж би бодоод байгаа юм. Тийм зургийг ч гадаадынхан их сонирхдог.  Дан монгол зураг болохоор авдаггүй. Монголынхоо нэрийг гаргая гэж байгаа бол монгол төрхийг орчин үеийн контенперари болон модерн  урсгалтай хослуулж л хийх хэрэгтэй.  


Уншсан: 709

  Сэтгэгдэл (1)
1. art
Бичсэн: Nandia, Өдөр: 05-02-2010 03:57
Neg talaasaa boduushtai l yaria boljee. "монгол төрхийг орчин үеийн контенперари урсгалтай хослуулж" ajillah heregtei gedeg sanaa chin nadad niitsej bna.

Сэтгэгдэл бичих
Нэр:
И-мэйл:
Гарчиг:
Сэтгэгдэл:



Шинэчилсэн: ( Thursday, 04 February 2010 )
 

Валютын Ханш

US dollar USD 1383.33
Euro EUR 1840.66
Japanese yen JPY 14.81
Английн фунт GBR

2124.79

Russian ruble RUB

47.38

Chinese yuan CNY 202.59

Өдрийн зурхай

Аргын тооллын 09 дүгээр сарын 08. Лхагва гариг.

Билгийн тооллын шинийн 30 дөрвөн ногоон мэнгэтэй  Цагаагчин тахиа өдөр

Өдрийн наран 06 цаг 28  минутад  мандан, 19 цаг 24  минутад жаргана.

Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, бэлбэсний газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэх зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 3 цаг 13 минутанд эхлэнэ.
 Үс засуулбал эрлэг лугаа учирна.

 

Цаг агаар

Улаанбаатар
15°C
Дунджаар:14°C
Чийгшил: 54.8%
Салхи: 180SSS 2mps

Нэвтэрсэн хэрэглэгч

Сүлжээнд: 22 зочид холбогдсон байна