| Орос 3-ын маргаан хүүхдүүдийн аминд заналхийлэв үү |
| Monday, 01 February 2010 | ||||||||
|
С.Болд-Эрдэнэ
Монгол-Оросын хамтарсан гуравдугаар дунд сургууль дээр гарсан хэрэг явдал тун ч ээдрээтэй байна. 100 гаруй хүүхэд хоолны хордлого авч, шуугиулаад байна. Тус сургуульд томчуудын гэх хүүхдүүд түлхүү сурдаг нь ийн олны анхаарлыг татах нэг шалтгаан болоо биз. Нөгөө талаар тус сургууль дээр гарсан хоолны хордлогыг өмнө гарч байсан цэцэрлэгүүдийн хоолны хордлого, “SS клуб”-ын хоолны хордлоготой жишиж болох ч тэдгээрээс илүү ноцтой асуудал байж магадгүй болоод байгаа юм. Учир нь тус сургуулийн захирал Ж.Соронзон энэ хэргийн талаар цагдаа болон тагнуулын байгууллагынханд мэдэгдэж, шалгуулах хүсэлт гаргаснаа ярьсан. Үүний дагуу ч цагдаагийнхан энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138.2, 172-т зааснаар тус сургуулийн эмч болон цайны газрыг нь хариуцан ажилладаг “Баяндаш” компанийн захиралд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа аж. Тэд хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдхүүн худалдсан ялд унаад байгаа юм. Өмнөх хоолны хордлогуудыг харж байхад мэргэжлийн хяналтынхан л асуудалд оролцдог байсан бол энэ удаа цагдаагийн байгууллага яагаад оролцож, бүр эрүүгийн хэрэг үүсгэхэд хүргэв гэдэг хачирхалтай. Үүний учир нь өнгөрсөн 12 дугаар сард тус сургууль дээр гарсан хэрэгтэй хамаатай юм. Сургалт хариуцсан дэд захирал ОХУ-ын иргэн М.М.Суянзыг ОХУ-ын ЭСЯ-ны дэргэдэх Холбооны аюулгүй байдлын албаны төлөөлөгч Г.В.Широков, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.М.Генбатов нар дуудан байцааж, дарамталсан хэмээн шуугиан тарьж байв. М.М.Суянз ч өөрөө энэ асуудлаар хэвлэлийнхэнд хандаж тодорхой тайлбар хийж байсан. Хэрэг явдал тус сургуулийн өмчлөлтэй холбоотой гэдгийг сургуулийн захирал Ж.Соронзон тухайн үедээ хэвлэлийнхэнд мөн мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл тус сургуулийн өмчлөлд байдаг багш нарын орон сууцыг авахаар санаархсан хэсэг бүлэг хүмүүс ийн ЭСЯ-аар дамжуулан сургуулийн удирдлагуудыг дарамталсан гэж байсан билээ. Энэ талаар тус сургуулийн захирал Ж.Соронзон манай сонинд өгсөн ярилцлагадаа “2005 оноос энэ сургуулийг янз бүрийн чиглэлээр сонирхож эхэлсэн. Ялангуяа ОХУ-ын ЭСЯ-ны зарим нэг ажилтнуудын санаачилгатайгаар Москвагаас дэмжлэг авах болсон. Уг нь эхлээд багш нарын байрыг булааж авах сонирхол их байсан. Яахав биднээс булааж аваад бизнесийн зорилгоор ашиглах гэж байсан байх л даа. Сүүлдээ явсаар энэ сургуулийг багш нарын байр, сургууль тойрсон газартай нь хамт Оросын өмч болгохоор яригдах болсон. ОХУ-ын гадаадад байдаг өмч хөрөнгийн хорооны Алс Дорнодыг хариуцсан төлөөлөгч Игорь Владиморович Тарасенко гэж нөхөр бий. Энэ хүн хөөцөлдөж байгаа. Сургуулийн үйл ажиллагаанд асар их дарамт учруулж байгаа” гэсэн билээ. Ж.Соронзон захирлын тагнуул, цагдаагийн байгууллагынханд хандсан нь ч үүнтэй холбоотой байж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл тус сургуулийн өмчлөлтэй холбоотой маргаан ийнхүү хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насны хэмжээнд заналхийлэхэд хүрчихээд байна уу даа гэж хэлж болохоор. Тус сургууль нь таван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөтэй. Сургуулийн барилга нь хоёр тэрбум 725 сая төгрөг, багш нарын 60 айлын орон сууц нь хоёр тэрбум 450 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ хөрөнгийг ОХУ-ын талд шилжүүлэх талаар маргаан гарч шүүхийн шатанд яваа гэсэн. Уг нь манай ТӨХ-ноос дээрх сургуулийн өмч нь ОХУ-д харьяалагдах боломжгүй гэж албан бичиг хүртэл хийж өгсөн юм гэсэн. Гэтэл таван тэрбумын хөрөнгөнд шунасан этгээдүүд уг сургуулийг сонирхохоо болихгүй яваад байгаа гэдгийг тус сургуулийнхан хэлж байсан юм. Сургуулийг авах гэсэн оролдлого нь бүтэхгүй болохоор сургуулийн удирдлагуудыг ямар нэг аргаар зайлуулах сонирхолтой байсан ч байж болох. Ж.Соронзон захирал хэдийнээсээ заргач, хэлэмгийгээрээ алдартай гэдэг юм билээ. Тэгээд ч уг сургуулийн өмчлөлтэй холбоотой асуудалд ОХУ-ын талынхны ойртуулдаггүй, хатуу зан гаргадаг нь өнөөгийн байдалд хүргэсэн ч байж болзошгүй. Удахгүй хэрэг явдал жигдэрсний дараа Ж.Соронзон захирлыг ажлаас нь халах талаар хэдийнэ яригдаж эхлээд байна. Нярайн халдвар гарсан нэгдүгээр амаржих газрын даргыг ажлаас нь халсан шиг Ж.Соронзон захирал ч алдаа гаргасан хэмээн хариуцлага хүлээж таарна. Хэрэв Ж.Соронзон захирал ажлаасаа халагдвал магад тус сургуулийн өмчлөлтэй холбоотой асуудал хэн нэгэнд нааштайгаар шийдэгдэж ч болох талтай юм. Нөгөө талаар Ж.Соронзон захирал ажлаасаа халагдана гэдгээ мэдээд зориуд энэ хэргийг сургуулийн өмчлөлтэй холбож байж ч болно. Түүнийг олон жил сургуулийн захирлаар ажилласан, энэ сургуульд өөрийнхөө эрх мэдлийг бүрэн тогтоосон гэдэг юм билээ. Эцэг эхчүүдээс мөнгө татаж, түүнийгээ юунд зарцуулдаг нь тодорхойгүй байдаг гэсэн шүүмжлэл үе үе сонсогддог. За ямартаа ч Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн хэрэг удахгүй шийдэгдэнэ. Чухам ямар учиртай нь хамаа алга. Сургууль, цэцэрлэгийн бяцхан үрсийн маань ирээдүй таваг хоол, ширхэг пирожкиноос хамааралтай болчихсон байгаа гэдгийг төрийн түшээд анхааралдаа аваасай. Магад дахиад л аль нэг сургууль, цэцэрлэгийн хэдэн зуун хүүхэд идсэн хоолноосоо хордлого авчихлаа гэхэд цочирдох зүйлгүй болох нь байна. Уншсан: 709
|
||||||||
| Шинэчилсэн: ( Wednesday, 24 February 2010 ) | ||||||||


.jpg)

Сэтгэгдэл бичих